А.Төгсбаяр: Энэ кинонд эсрэг дүр гэж байхгүй, муу муухай ч юм байхгүй

  • 2017 оны 12 сарын 29

Сүүлийн жилүүдэд Монголын уран бүтээлчид "киночид" Монгол хүнд зориулан олон сайхан уран бүтээлүүд туурвисаар байгаа. Харин энэ удаа өнөөгийн нийгмийн эгэл жирийн Монгол айл хэрхэн аж төрж, өнөө маргаашийн адармаатай, бартаатай амьдралыг даван туулж байгаа, ах дүүсийн харилцаа, хайр халамжийг харуулсан, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн шинэхэн уран бүтээл өнөөдөр /12.29/ "Өргөө-IMAX" кино театрт нээлтээ хийлээ. 

Тухайн киноны зохиолыг н.Дөлгөөн бичиж, ерөнхий найруулагч А.Төгсбаяр, ерөнхий зураглаач н. Энхбаатар, дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, СТА Б.Базаррагчаа, Б.Бат-Ирээдүй,  Д.Оюунтуул зэрэг жүжигчид гол дүрийг бүтээсэн байна.

Ерөнхий найруулагч, СТА А.Төгсбаяр:

"Хүүхэд багачуудын дуу хуур, тайз дэлгэцийн бүтээл, урлаг соёл, уран сайхан ховордсон энэ цаг үeд 10 жилийн өсвөр насны ирээдүй хойч үe болсон дүү нартаа мөн үeийн үeд хайрлан хайрлагдах гэр бүл, дөнгөж гэр бүлээ зохиож ээдрээт энэ амьдралыг сэтгэл зүрхээ нийлүүлэн даван туулах залуу хосууддаа зориулж ХҮН МОД уран сайхны киног хийсэн...Энэ кинонд эсрэг дүр гэж байхгүй. Хамгийн гол нь нэг нэгнийгээ түшин хайрлах, багаасаа өнчрөн үлдсэн ах дүү дөрөв амьдралыг хэрхэн туулж байгааг бага нас, залуу нас, ахмад насаар дамжуулан харуулсан байгаа. Маш сонирхолтойгоор харуулахаар зорисон" гэдгээ хэлж байсан юм.

Цаашид уг уран бүтээлээрээ "Берлины кино наадам"-д оролцохоор төлөвлөсөнөө онцолж байлаа.

"Хүн мод" гэр бүлийн, ах дүүсийн хайрыг харуулсан тухайн киноны хамгийн залуу уран бүтээлч нь зургаан настай Э.Энэрэл бол анх удаа кинонд дүр бүтээж, ухаалаг, энэрэнгүй, дүү нараа халамжилдаг Сувданчимэгийн дүрийг бүтээсэн М.Эмүжин зэрэг 100 гаруй уран бүтээлч оролцжээ.

"Өргөө-IMAX" кино театрт болсон тухайн киноны нээлтийн үеэр зохиолч н.Дөлгөөн, зураач н.Сэржхүү нар МЗХ-ны "Тэргүүний залуу"-аар тодорсон бол зураглаач н.Энхбаатар "Соёлын Тэргүүний Ажилтан" цол, тэмдэгээр шагнууллаа. Киноны дуу болох "Баярлалаа" дууг цугларсан олонд хүргэж, дуу хуураар дамжуулан амьдралдаа төдийлөн ажигладаггүй бүхэнд "баярлалаа" гэж талархах сэдэл төрүүлж байгааг үзэгчид хэлж байлаа.

Ийнхүү гэр бүл, хүүхэд залуус, бүх насныханд зориулагдсан "Хүн мод" уран сайхны кино "Өргөө" кино театрын бүх салбараар гарч эхэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()