”Ногоон салбарын бизнесийг дэмжих замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь”

  • 2021 оны 6 сарын 22

Монгол Улсын Засгийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэлхийн санаачилга (Decent jobs team for youth) хамтран “Монгол Улсад ногоон салбарын бизнесийг дэмжих замаар залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” сэдэвт вебинарыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

 

Ногоон эдийн засаг болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцан уялдаа холбоо, ногоон салбарын бизнес эрхлэлтийг дэмжсэн бодлого зохицуулалт, олон улсын сайн туршлагууд, цаашид залуучуудыг ногоон салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх замын зураглалыг тодорхойлоход тус вебинарыг зорилго оршиж буй юм.

 

Тус зорилт зорилготой холбогдуулан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээчид вебинарын үеэр дараах асуудлуудыг онцлон илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

Тогтвортой хөдөө аж ахуй, хог хаягдлын дахин боловсруулалт, менежмент зэрэг ногоон салбаруудад залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих боломж;

Ерөнхий боловсрол, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын агуулгад бизнес эрхлэх болон санхүүгийн анхан шатны мэдлэг олгох боломжит хөтөлбөрүүд. Эдгээр хөтөлбөрөөр дамжуулан ирээдүйн бизнес эрхлэгчдийн зан төлөв, хандлагыг өөрчлөх, эрсдэлийг даван туулах чадавхыг бий болгох;

Эко үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг бүрэн шийдсэн (eco-socio enterprises) залуу бизнес эрхлэгчдийг бизнесийн бүхий л үе шатанд дэмжих санхүүжилтийн үр дүнтэй схем;

Эко бизнес эрхлэгчдийг дэмжихэд төр, хувийн хэвшлийн хамтралыг бэхжүүлэх шинэлэг санал санаачилгууд зэрэг болно.

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-ын судалгаагаар 2030 он гэхэд 15-29 насны идэвхтэй ажил хайгч залуучуудын тоо дэлхий даяар 25 саяд хүрэхээр байна. Техник технологийн хурдацтай хөгжлийн улмаас ирээдүйд зарим ажлын байр үгүй болох эрсдэлтэй байгаа энэ үед ногоон эдийн засгийн салбарт бизнес эрхлэлтийг дэмжих нь хамгийн зөв гарц аж. Ялангуяа байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга, сэргээгдэх эрчим хүчний салбаруудад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг олон улсын байгууллагуудаас онцлоод байна.

 

Вебинарт холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөллөөс гадна бөгөөд НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, Монголын тогтвортой санхүүгийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулахаар болжээ. Энэхүү вебинарын төгсгөлд манай улсад залуучуудын ногоон ажил эрхлэлт, бизнесийг дэмжих замын зураглалыг гаргах, энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.

Хэрвээ та энэхүү вебинарт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: Shuud.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()