Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ юм

  • 2021 оны 6 сарын 1

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Энэ үйл ажиллагааг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн ээжүүдийн төлөөлөлд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Эхчүүд ээ,

 Элбэрэлт ээж нар аа,

Та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр Та бидний энд хуран цуглаж хүндэтгэл, баяр хөөр болж байгаагийн уг шалтгаан болсон хүүхэд багачууд минь бүгдээр эрүүл саруул, баяр хөөр дүүрэн өсөж, эрдэм номтой, эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлтэй иргэд болон төлөвшихийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөе.

Өнөр олуулаа болох, эрүүл саруул иргэдтэй хөгжиж цэцэглэсэн Монгол Улсын төлөөх монголчуудын үе үеийн хүслийг гүйцээж, үр хүүхдээ бүхий л сэтгэл зүрхнээсээ хайрлан өсгөж байгаад тань талархаж, Монголын төр ээж Та нарынхаа энгэрт түм түмэн багачуудынхаа хайрын бэлгэдлийг зүүж өглөө. Эх хүн үрдээ зориулсан зүтгэл, сэтгэлдээ хэзээ ч харамсдаггүй, хариу нэхдэггүй. Харин Монголын төр ирээдүй болсон иргэдийнх нь төлөө гаргаж буй зүтгэл, сэтгэлийг тань бяцхан иргэдийнхээ өмнөөс үнэлэх үүрэгтэй юм.

Энэ жил нийслэлийн 300 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон, 3,924 ээжид Хоёрдугаар зэргийн одон хүртээх юм байна.

Одон гардагсдын дунд нэг хүүтэй байж байгаад гурван удаа ихэр хүүхэд төрүүлсэн, 7 хүүхдийн ээж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн Дамдинжавын Оюумаа ирсэн байна. Танд баяр хүргэе! Нөр их хөдөлмөр шүү. Ихрүүдийн ээж болон алдрай бяцхан үрсэд нь эрүүл энх, аз жаргалыг ерөөе.

Хоёр жилийн өмнө яг энэ өдөр “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо авч байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэн Мялхаагийн Цэцэгдаринаа 2020 оны 2 дугаар сард хоёр ихэр охин төрүүлж, өнөөдөр мөн Хүүхдийн баяраар “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон гардан авлаа. Баяр хүргэе!

Их найрагчийн хэлсэнчлэн “Монголын үрс маш олон болтугай” хэмээх ариун ерөөл, нандин хүслийг өргөж яваа Та бүгдээр машид бахархаж байна.

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа ээжүүд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн Ганзоригийн Баяртунгалаг, Цэенрэгзэнгийн Баярцэцэг нарт төрсөн өдрийн халуун мэнд дэвшүүлье. Сайхан баярлаарай.

Эх үрсийн баярын уламжлал ёсоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүддээ “Эхийн алдар” одонг нь гардууллаа. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, эх хүүхдийг анхаарлынхаа төвд байлгаж, эх хүний хөдөлмөрийг үнэлж, хүүхдийн ирээдүйд цаг ямагт санаа тавьж байх учиртай юм.

Бүгдэд аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөе.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын хүүхэд багачууд эцэг эхийнхээ хайранд умбаж, эрүүл саруул, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай.

Монгол эхчүүдийн маань алдар бадартугай” гэлээ.

Түүнчлэн өнөөдөр үдээс хойш нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулж байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()