Б.Намуун: Намуун хүүхдийн сан жилдээ 6000 хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх чадамжтай эмнэлэг барина

  • 2021 оны 5 сарын 17

Зорилтот бүлгийн 0-5 насны хүүхдүүдэд чиглэж үйл ажиллагаагаа явуулдаг  “Намуун” хүүхдийн сангийн Ерөнхийлөгч Б.Намуунтай ярилцлаа.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Намуун” хүүхдийн сан 2008 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаасаа дурдаач?

-Сайн. Сайн байна уу. “Намуун” хүүхдийн сан 2008 онд байгуулагдсанаасаа хойш зорилтот бүлгийн иргэд, тэр дундаа 0-5 насны хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй хийсээр байна. Хүүхэд бол улсын ирээдүй байдаг учраас хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт хөгжил, аюулгүй байдал хамгаас чухал. Тиймээс манай сан хүүхдүүдийн боловсрол, аюулгүй байдал, эрүүл мэнд, асаргаа халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилгоор Монгол Үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран “Монгол үлгэр” төслийг хэрэгжүүлж байна. Монгол үлгэр аман байдлаар уламжлан ирсэн учир түүх, өв соёл агуулснаас гадна сургамжтай, хүмүүжлийн чанартай байдгаараа онцлогтой. Мөн бид энэ төслийн хүрээнд мартагдаж байсан 30 гаруй үлгэрийг сэргээн засаж, МҮОНРТ-ийн архивт хадгалуулаад байна. Үүнийг мөн бид өөрсдийн www.namuun.org вэб сайтдаа нээлттэй байршуулсныг та бүхэн үзээрэй.

Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Цэвэр гар” аянг өрнүүлсэн. 2020 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхлэн одоогийн байдлаар 2600 хүүхэд, тэдний гэр бүлд коронавирусээс хамгаалах багц хүргээд байна. “Цэвэр гар” аяныг БШУЯ, АШУҮИС, “Пиипл ин Ниид” (People in Need), Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, Breathe Mongolia ТББ-ууд, Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд болон Чех Улс, Европын Холбоо, АНУ-ын хувь хандивлагчид хамтран зохион байгуулсан. Энэ ташрамд аянд оролцсон хувь хүмүүс болон байгууллагууддаа баярласнаа илэрхийлмээр байна. Мөн манай сан ажлуудын тайлан, арга хэмжээ, төсөл хөтөлбөр, цаашдын төлөвлөгөөгөө өөрийн сайтдаа нээлттэй, ил тодоор байршуулсныг үзэх боломжтой.

 

-Ямар нэг сан болон төрийн бус байгууллагын төсөв бүрдэхэд болон төсвийн зарцуулалт их ярвигтай байдаг. Танай сан төсвөө хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Тийм шүү. Бид төсвөө хандив, бусад байгууллагын сайн дурын дэмжлэг болон өөрсдөө бүрдүүлдэг. Хоол тэжээлийн дутагдалд орсон, эрүүл мэндийн тусламж шаардлагатай байгаа, боловсролын хоцрогдолтой хүүхдүүд маш их байна. Энэ хүүхдүүдэд энэхүү ярилцлагыг уншиж байгаа та ч туслах боломжтой. Хэрвээ 20 мянган төгрөг хандивлавал нэг хүүхдийн хичээлийн сарын хэрэглээг авахад, 50 мянган төгрөг хандивлавал нэг хүүхдийн сарын эрүүл мэндэд хөрөнгө оруулахад, 100 мянган төгрөг хандивлавал нэг хүүхдийн сарын хоол хүнсэнд хөрөнгө оруулахад, 200 мянган төгрөг хандивлавал нэг хүүхдийн боловсролд хийж буй хөрөнгө оруулалт болдог. Та нэг өдрийн цалин эсвэл нэг өдрийн хоолны мөнгөө хандивласнаар улсын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн ирээдүйд нь бага ч атугай хөрөнгө оруулж, гэрэл гэгээ нэмэх болно.

-Танай сангийн цаашдын төлөвлөгөөнд онцлох ямар ажил байгаа вэ?

-Бид Сонгинохайрхан дүүргийн захын 33 дугаар хороонд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх зорилгоор Эх, хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөөд байна. Энэ эмнэлэг эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай боловч хангалттай үйлчилгээ авч чаддаггүй гэр бүл, хүүхдүүдэд зориулагдах юм.

Сонгинохайрхан дүүрэгт ядуу хүн амын тоо их байна. Нийт өрхийн 26,2 хувь буюу 148,6 мянган хүн ядуурлын шугамын доогуур хэрэглээтэй байгаа нь дүүргийн хүн амын 46 хувь болж байгаа юм. Улсын эмнэлэг ачаалал ихтэй, эмчийн болон хэвтэн эмчлүүлэхэд ор хүрэлцээгүй, оношилгооны тоног төхөөрөмжийн хангалт дутмаг. Эмч, сувилагч, ажилтнуудын тогтвортой байдал, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол муу байна. Мөн Улаан чулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд эрсдэлтэй нөхцөлтэй хүнд, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлж, эрүүл мэндийн эрсдэлд өртөж, сургуулиас завсарддаг гээд Сонгинохайрхан дүүрэгт эмнэлэг барих болсон шалтгаан их.

-Энэ ажил одоо ямар шатанд явж байна?

-Одоо барилгын бэлтгэл ажилдаа орж байна. Нөөц боломж, чадавхаа дайчлан энэ ондоо ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэхүү эмнэлэг “Намуун” хүүхдийн сангаас улсдаа хийж буй эрүүл мэндийн хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Жилдээ зургаан мянга гаруй эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээ, лабораторийн шинжилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай эмнэлэг ашиглалтад орсны дараа нийт 10 алба нэгжийн 50 гаруй хүн эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

-Танд ч бас баярлалаа.

Эх сурвалж: MNB.MN

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()