ФОТО: Автобусны буудлуудыг чимсэн “ Мөнх тэнгэрийн бичиг”

  • 2021 оны 5 сарын 15

Энэ сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг нийслэл хот дахь 18 чиглэлийн автобусны буудал болон гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан олон нийтэд толилуулж, үндэсний хэл бичгийн дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг иргэдийн дунд түгээн дэлгэрүүлж эхэллээ.

Монгол бичиг бол хүн бүрийн оюуны үнэт, бахархалт өв учраас иргэд нийтийн тээвэр болон гудамж талбайгаар зорчихдоо Улаанбаатар хотын гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр тус үзэсгэлэнгээс шалгарсан бүтээлүүдийг унших, сонирхох боломжтой болжээ.

Бичиг үсгийг нүдээр үзэж байж суралцдаг. Түүнчлэн үсгийн урлагаар дамжуулан гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэх сайн талтай. Ийнхүү Үндэсний соёл, бичиг үсгээ олон нийтэд энгийн аргаар толилуулах нь мартагдаж буй эх хэлээ сэргээн хэрэглэх, залуу үеийнхэнд үндэсний хэл бичгээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх, их хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлөх, бичгийн соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг гудамжны мэдээллийн байгууламжуудад энэ сарын 25-ны өдрийг хүртэл байрлуулахаар болжээ.  

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()