АНУ-ЫН THE EPOCH TIMES САЙТ: АНУ-ын сенатчид Монголын ардчилалд аюул учраад байна гэлээ

  • 2021 оны 5 сарын 14

АмерикийнTHE EPOCH TIMES” сайтад 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна. Эх сурвалжийг доор хавсаргасан тул унших боломжтой.

АНУ-ын Сенатын танхимын гишүүн Марко Рүбио, Патрик Лихи нар өнгөрсөн долоо хоногт Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандан Монгол Улс дахь улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санаа зовниж байгаа талаараа захидал бичиж, Төрийн департаментыг байр сууриа илэрхийлэхийг хүссэн юм.

АНУ-ын Сенатын танхимын Гадаад харилцааны хорооны гишүүн Марко Рүбио, Сенатын танхимын Төсвийн хорооны дарга Патрик Лихи нар нь захидалдаа: “Монгол Улсад сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлууд тус улсын ардчиллын ирээдүйд нөлөөлж болох талтай. Таны мэдэж байгаачлан Монгол Улс бол ардчилсан нийгмийг амжилттайгаар байгуулж чадсан онцгой нэгэн орон билээ. Ялангуяа, БНХАУ, ОХУ гэсэн авторитар дэглэмтэй хоёр орны дунд оршдог орны хувьд, тэр тусмаа БНХАУ-ын зүгээс Монгол Улсыг өөрийн газар нутагт хамааруулж ойлгодгоо илэрхийлж байсан, одоо ч тэр бодлогоо баримталж байж магадгүй байгаа нөхцөлд Монгол Улс ардчиллаа өдий зэрэгтэй авч явна гэдэг чухал амжилт юм” гэж бичжээ.

Монгол Улс нь улс төрийн “хагас ерөнхийлөгчийн” тогтолцоотой бөгөөд парламент болон бүх ард түмнээс сонгогдож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг Ерөнхийлөгчтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг сарын өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр парламентын олонхыг бүрдүүлж буй Монгол ардын нам /МАН/ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг яаран боловсруулж, долоон минутад баталснаар одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг уралдаанаас гаргасан юм. Уг хуулиар одоогийн Ерөнхийлөгчийн дахин сонгогдох эрхийг хязгаарласан бөгөөд түүний дахин сонгогдох магадлал өндөр байсан билээ.

МАН нь Үндсэн хуулийг хамгаалах үндсэн үүрэг бүхий Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилоход нөлөөлөх, тэдэнд үүрэг даалгавар өгөх, үүрэг даалгаврыг нь биелүүлэхийг шаардах зэргээр эрх мэдлийг хяналтад авахаар хичээж буй бөгөөд тэдний энэ үйлдэл нь Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг сулруулж байгааг харгалзан үзэхгүй байгаа юм. Тэд дээрх үйлдлээ ил тодоор, ичгүүргүйгээр хийж байна гэж 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлснээр, МАН-ын хэд хэдэн гишүүн сонгуулийн үйл явцыг хяналтдаа авах оролдлогыг хийсэн гэжээ. Түүнчлэн тэдний дунд 1990 оны Ардчилсан хувьсгалаас өмнө Монгол Улсыг коммунист дэглэмийн дор удирдаж явсан хүмүүс бий бөгөөд нэг намын тогтолцоог сэргээхээр санаархаж байна гэсэн юм.

Харин АНУ-ын сенатчдын захидалд, “Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, мөн ерөнхийлөгийн санал гомдол дагуулсан сүүлийн үеийн үйлдлүүд нь улс төрийн хямралыг бий болгоод байна. Энэ нь ирэх 6 дугаар сарын 9-ний өдөр явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Үүнд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яаран өөрчлөлт оруулах замаар одоо үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг сонгуульд оролцуулахгүй болгосон, УИХ-ын шийдвэр Үндсэн хуультэй нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, Ерөнхийлөгч нь Дээд шүүхэд хандан эрх баригч намыг тараах захирамж гаргасан явдлууд” хэмээн бичжээ.

“Монголын нэр бүхий удирдлагуудад хээл хахууль өгөх, үгсэх замаар тус улсын ардчилал, хуульт ёс, шүүх засаглалыг хүчгүйдүүлэх гэсэн Хятадын Коммунист намын /ХКН/ явуулгад дээр дурдсан үйлдлүүд Монгол Улсыг улам бүр өртөмтгий болгож байна” гэж сенатчид бичсэн байна.

2016 оны арваннэгдүгээр сард Далай лам Монголд айлчилсны дараа ХКН Монгол Улсыг эдийн засаг хориг арга хэмжээ авах замаар шийтгэсэн. Тухайн үеийн Гадаад харилцааны сайд, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Далай ламыг Монголд дахин айлчлуулахгүй байх тухай Бээжингийн шаардлагыг дэмжиж байгаагаа нээлттэй илэрхийлсэн нь бурхны шашин шүтдэг Монгол Улсын хувьд цочирдом мэдэгдэл байв.

2021 оны гуравдугаар сард МАН-ын 100 жилийн ойн үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн ойролцоо утгатай үгийг хэлсэн тухай хэвлэлд мэдээлсэн байна. Түүнчлэн ойрын жилүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийг оролцуулсан хоёр намын албан ёсны хэд хэдэн уулзалт болсныг сенатчид тэмдэглэжээ.   

Газар зүйн онцгой байрлалтай учраас Монгол Улс, АНУ-ын харилцаа нь ач холбогдолгүй биш бөгөөд хоёр улсад хоёуланд нь ашигтай юм.

АНУ-ын Төрийн департаментын Гадаад улсад явуулж буй үйл ажиллагааны төсвийн баримт бичигт  “АНУ-аас Монгол Улсад дэмжлэг үзүүлж буй гол зорилго нь Монгол Улсын газар зүйн хөрш БНХАУ, ОХУ-ын хажууд давуу түншийн байр суурийг хадгалах, Монгол Улс өөрийн гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогыг хараат бус тодорхойлоход хөшүүрэг болох” гэж заасан байдаг.

АНУ-ын сенатчдын захидалд: “Дээрх үйл явдлууд дээр үндэслэн бид АНУ-ын Төрийн департаментыг оролцогч бүх талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготойгоор тэдний хооронд бие биеэ харилцан ойлгох яриаг эхлүүлэхийг, хэнийг ч үндэслэлгүй шалтгаанаар сонгуульд оролцох эрхийг нь боогдуулахгүй байхыг, оролцох эрхтэй бүх намууд өөрсдийн тодорхойлсон нэр дэвшигчээ сонгуульд оролцуулах боломжийг хангахыг, бие даасан шүүх засаглалын хөгжлийг дэмжихийг уриалж байна” гэжээ.

Мөн “ардчиллыг дэмжих нь манай гадаад бодлогын үндсэн цөм элемент хэвээр байх ёстой, ялангуяа ХКН гэх мэт авторитар хүчнүүд эдгээр үнэт зүйлсийг үгүй болгохоор дэлхий даяар цуцалтгүй ажиллаж байгаа энэ үед” гэсэн байна.

Эх сурвалж:  https://www.theepochtimes.com/us-senators-say-mongolias-democracy-is-under-threat_3807147.html?fbclid=IwAR0sj663lhgaI7m9KcslUzcdoHpPjajVNgMEn7g0jfLVtVjLNKFm1H5srO8

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()