Ш.НИНА: ЭНЭ БОЛ НЭГ ХҮНИЙ БУС НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

  • 2021 оны 5 сарын 13

Шагдарын Нина бол жирийн нэгэн төрийн албан хаагч боловч улстөрийн үйл хэрэгт гар бие оролцож, түүхийн хуудаснаа нэрээ үлдээсэн бүсгүй. Тэрбээр 1990 оны цагаан морин жилийн гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд эх орондоо ардчиллыг авчрах Улстөрийн өлсгөлөнд оролцсон юм. Улаанбаатар хотод болсон Улстөрийн өлсгөлөнд оролцсон цорын ганц эмэгтэй тэрбээр өнгөрөгч бямба гарагт Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлагсадтай уулзсан юм. Өөрийнхөө төдийгүй монгол хүн бүрийн үг хэлэх эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөж, өөрчлөлт, шинэчлэлтийг авчрах үйл хэрэгт оролцсон  тэрхүү түүх нь 31 жилийн дараа ийн давтагдав. Түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Та сая УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд тэр дундаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй уулзаад гарч ирлээ. 1990 онд нийслэлийн төв талбайд зохион байгуулсан өлсгөлөнд оролцсон ганц эмэгтэй, эдгээр өдрүүдэд Монголын эмэгтэйчүүдийг төлөөлөн нийслэлийн төв талбайд эрчүүдтэй зэрэгцэн сууж буй ганц бүсгүй хоёрт ярих зүйл их л байгаа байлгүй?

-Хуулийг долоохон хоногт засаж, хулгайгаар тамга, тэмдэг үйлдэн эрх мэдлийг хууль бусаар авч, сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж буй үйлдлүүд хэрээс хэтэрлээ. 1989 онд хэсэг нөхөд нэгдэж, хурал цуглаан зохион байгуулж эхлэх үеэс л нөхөр бид хоёр тайван замаар оролцож эхэлсэн. Бид тэр үед 3-р эмнэлэгт хамт ажилладаг байлаа. 1990 оны гуравдугаар сарын 7-нд ажлаа тараад явж байтал Сүхбаатарын талбай дээр 10 хүн өлсгөлөн зарлаж байсан. Бид зохион байгуулагчдыг нь хайж сурагласаар Элбэгдоржтой очиж уулзсан юм. Тухайн үед ардчилсан үзэлтэй залуусыг “хулигаан” гэж л нэрлэдэг байлаа шүү дээ. Нэг намын дарангуйлал, төрийн албаны хүнд сурталын эсрэг, хувь хүний эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөж яваа тэднийг ингэж дуудуулах харамсалтай санагддаг байсан л даа. Тиймээс ч эрчүүдээ өмөөрөх сэтгэл төрж, дунд нь нэг ч гэсэн эмэгтэй хүн байвал тэднийг хүлээж авах нийгмийн хандлага, сэтгэхүйд нөлөөлөх юм болов уу гэж бодсон юм. Тэгээд л өлсгөлөнд оролцъё гэж шийдсэн. Нөхөр маань бас нэгдэхийг хүсэж байсан. Ер нь бид хоёр бие биенийхээ урдуур орж ажил хийдэг хүмүүс л дээ. Ярилцаад шийдвэрлэж чадаагүй учир хуруудаад ялсан нь өлсгөлөнд нэгдэж суухаар тохирсон юм.  Би ялсан учир гуравдугаар сарын 7-ны оройноос энэ үйл хэрэгт нэгдсэн. Гэтэл бидний тэгж их хүсэн тэмүүлж, тэмцэж олсон ардчилал, эрх чөлөөг өнөөдөр бас л хэсэг бусаг хүмүүс үгүй хийж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг минь улайм цайм хулгайлж байна.

Би УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг өлсгөлөн зарласан эхний орой л ирж нэгдэхийг хүссэн. Харамсалтай нь, хөл хорионы үе байсан учир хүүхдүүд маань хориглоод явуулаагүй. Хөл хорио тавигдмагц ирж, энэхүү өлсгөлөнд оролцож буй ганц эмэгтэй болох Адъяасүрэнтэйгээ аминчилж уулзлаа.

Эмэгтэй хүн эрчүүдийг бодвол бие бялдрын хувьд сул дорой байдаг. Гэвч үзэл бодолдоо үнэнч байгаад нь баяр хүргэлээ. Хэн нэгний шахалт дарамт, хүсэл сонирхлоор бус өөрийн хүсэл зоригийн төлөө яваа хүн өлсөж, даарч, ядарч байгаагаа мэдэрдэггүй юм. Би үүнийг мэдэх хүний хувьд Адъяасүрэндээ “биеэ бодоорой” гэж захилаа. Урт хугацаанд юм идээгүй учраас бие нь сульдаж, хүнтэй хэдэн үг солихын зуурт ч асар их ядардаг. Түүнийг ядраахгүйн тулд удаан ярилцсангүй.

-31 жилийн өмнө та яг юу хүсэж байсан бэ? Хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?

-Бид эрх чөлөөг үнэхээр их хүссэн. МАХН-ын төв хорооныхон буучихвал хүнд суртал, ялгаварлал үгүй болж, бүгд эрх тэгш болно гэж бодож байлаа.  Тэр өлсгөлөнгийн үр дүнд улстөрийн төв хороо огцорсон.

Би тэр үед дарга гэдэг үгэнд тун дургүй байсан даа. Жирийн иргэний үр хүүхдүүд бид хэчнээн хичээж онц сурсан ч дарга нарын хүүхдүүд хүсэл мөрөөдлийг минь булааж, хүссэн сургуульд минь орох жишээтэй. Энэ бүхнийг л халж, бүгдэд эрх тэгш байдал авчрахыг хүссэн юм.

Хүссэн үр дүндээ хүрч чадсаан. Тэр өлсгөлөнгийн дараа би 3-р эмнэлэг дээрээ Ардчилсан намын салбар зөвлөлийг байгуулсан. Тухайн үед МАХН-ын дарга нар тусдаа том өрөөнд суудаг байлаа. Гэтэл эмнэлгийн хамгийн хүнд хүчир ажлыг нугалдаг асрагч, сувилагчид бараг л ариун цэврийн өрөөнд ажиллаж байлаа шүү дээ. Энэ эрх тэгш бус байдлыг шүүмжилж, Бат-Очир даргын өрөөг суллуулан авч байлаа. Ингэж бид дарга нараас айдаг бус тэднийг шүүмжилдэг, буулгадаг болсон юм.

-Ийм сайхан нийгмийг бий болгоход миний оролцоо байсан юм шүү гэж бахархаж, омогшиж явсан үе олон байх?

-Тухайн үед бидний үйлдлийг ойлгохгүй хүн олон байсаан. “Чи улстөрөөр оролдохгүй ч улстөр чамаар оролдоно” гэдэг үгийг өөрийн биеэр жинхэнэ утгаар нь мэдэрч, туулсан даа. МАХН-аас өөр нам байгуулж, гишүүнээр нь элсэнэ гэдэг үнэндээ асар том айдас, эрсдэл байлаа шүү дээ. Гэвч би Ардчилсан намыг анх байгуулагдахад л элсэх саналаа өгч, гарын үсгээ зурсан.

Бид хүнд суртлыг арилгалаа, нэг намын дарангуйллыг халж, олон намын системд шилжүүллээ, эрх чөлөөтэй боллоо гэсэн омогшил тухайн үед л дээд зэргээр төрж байсан даа. Улсад ажиллаж байгаа хүн бүр л Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн байлаа. Ажилдаа тэргүүний хүмүүсийг намд элсүүлдэг байсанчлан намайг мөн намд элс гэж ятгаж байсан. Миний хувьд МАХН гэхээр худалч, хуурамч хүмүүс байдаг гэсэн ойлголттой байсан учир элсэхгүй байхаар шийдсэн юм. Харин Ардчилсан намын залуусыг би жирийн иргэдийн төлөөлөл болж, бидний дуу хоолойг төрийн түвшинд хүргэж, ард түмний эрх ашигийг хамгаалахын төлөө чин сэтгэлээр зүтгэх хүмүүс гэж найдаж, итгэсэн.

-Ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүсийн ахмадуудын зарим нь “Би ийм зүйлийн төлөө тэмцээгүй юм шүү. Энэ бол миний, бидний хүссэн ардчилал биш” гэж хэлэхийг ч сонсож байлаа. Танд ийм мэдрэмж хэзээ нэгэн цагт төрж байв уу?

-Би их эрт буюу 1996 оноос харамсаж эхэлсэн. Бидэнд ардчилал байсан ч эв нэгдэл байгаагүй юм. Олон намын систем миний хүссэнээр явсангүй. Ардчилсан нам маань хүртэл салбарлачихлаа. Олон ургальч үзлийг утгаар нь хэрэгжүүлж чадсангүй. Өнөөдөр нөхцөл байдал бүр л хэцүү болж байна. Манай намын хэсэг нөхөд болон МАХН-аас угшилтай МАН-ынхан нийлж, бидний хүсэж тэмүүлж бүтээсэн ардчиллыг үгүй хийж байна.

-Яг одоо бид  Төрийн ордны өмнөх талбай дээр зогсож байна. Санаснаас олон хүн цугларч, МАН-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах шаардлага бичиг барьж зогссон байна. 31 жилийн өмнөх үйл явдал давтагдаж байна уу л гэж харагдаж байна шүү?

-Тийм ээ, бид эргээд л нэг намын дарангуйлалд орчихлоо. Улстөрийн хор найруулах тал дээр МАН-ынхан гучин настай манай намын дэргэд хэтэрхий их туршлагатай юм байна. Хувьчлал нэрээр тэд энэ улсын үнэтэй цайтай, ирээдүйтэй гэсэн бүхнийг өөрсдөдөө авсан.

Миний хувьд улсад 30 гаруй жил ажилласан хүн. Монголчууд аль намын гишүүн, төр, хувийн хэвшлийн алинд ажилладаг нь хамаагүй, бүгд ажилтай, орлоготой, амьдралдаа сэтгэл хангалуун байгаасай л гэж хүсдэг. Гэтэл баян, хоосны ялгаа өнөөдөр тэнгэр, газар шиг л болчихлоо. Энэ бол миний хүссэн зүйл биш.

Чин үнэнийг хэлэхэд, 1990 онд ардчилсан хувьсгал өрнүүлсэн залуусын зорьж бүтээсэн зүйлсийг үгүй хийх, бусниулах, будилуулах үйлдэл Ардчилсан нам дотроос ч, гаднаас ч их гарч байна. Энэ бүхэн гаарсаар өнөөдөр бидний сонгох, сонгогдох эрхэнд илт халдаж байна. Маргааш бидний хүн ёсны эрхэнд халдах ч магад.

-АН-ын хэсэг гишүүд нам доторх асуудлаа шийдвэрлэхийн тулд л жагсаж байна гэж ойлгож байгаа хүмүүс цөөнгүй байна. Ингэж ойлгуулах сонирхолтой хүмүүс ч цөөнгүй байгаа бололтой.  Та харин энэ бол нам доторх асуудал биш, нийт монголчуудын эрх ашиг, сонгох, сонгогдох эрхийн асуудал хэмээн хүлээж авч байгаа юм байна гэж ойлголоо?

-Ямар ч үед хүчтэй сөрөг хүчин байх хэрэгтэй. Харамсалтай нь, залуучууд сонгуульд саналаа өгөхгүй юм. Нэг намын тогтолцооны үед МАХН-ын гишүүнээр элссэн ахмадуудын дийлэнх нь одоо ч намдаа үнэнч хэвээр байна. Тэд л сонгуульд идэвхтэй оролцоод байхаар парламентад нэг нам илт давамгайлах нь арга ч үгүй юм уу даа. Гэтэл нэг нам хэт давамгайлахаар юу болж байна вэ. Нэг намын дарангуйлал тогтож, ард түмний тархийг угаах үйл ажиллагаа л явагдаж байна шүү дээ.

Ардчилсан намынхан УИХ-д хэтэрхий цөөхүүлээ байгаа учраас хүчгүйдэж, хэлсэн ярьсан бүхэн нь ажил хэрэг бололгүй, “гишгүүлж” байна шүү дээ. Залуучууддаа бид маш зөв үлгэрлэх ёстой. Нам хатуу гишүүнчлэлгүй баймаар байна. Намын гишүүн хүн үзэл бодолдоо үнэнч, түүнийхээ төлөө үхэж ч чадах, бусдын төлөө бодлого явуулж чаддаг байх хэрэгтэй. Бусад орнууд хорин жилийн дотор дээд цэгтээ хүртэл хөгжиж байхад бид хэрэлдсээр л хорин жилийг үдэж байна шүү дээ.

-2016-2020 онд Ардчилсан намынхан үнэхээр муу ажилласан юм биш үү?

-Сонгогдсон нь дэндүү цөөн учраас тэдний үгийг авдаг хүн байсангүй. Намын дарга ч маш муу ажилласан. Хэдэн жагсаал л зохион байгуулж, хоёр талд ажиллалаа.

Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг би эх орноо гэсэн сэтгэлтэй хүн гэж хардаг. Бусад нь өөрийнхөө л төлөө явдгийг үзлээ, харлаа. Х.Баттулгыг боловсролгүй, соёлгүй гэж шүүмжилж байгаа ч улс орныг удирдахад дипломын боловсролоос илүү амьдралын боловсрол хэрэгтэй гэдгийг харуулж чадсан хүн гэж би хувьдаа  боддог. Түүний байгуулсан “Цонжин болдог” жуулчдад зориулсан цогцолбор бол жинхэнэ бүтээн байгуулалт. Тэр бусад дарга нар шиг хот дотор хувийн байшин бариагүй. “Цонжин болдог”-оор дамжуулан жуулчдаас мөнгө татаж, хүмүүсийг ажилтай, орлоготой байлгахын зэрэгцээ Монголыг сурталчилж байна шүү дээ. Харамсалтай нь, түүний хийсэн бүхнийг харлуулах сонирхолтой хүмүүс хаа сайгүй байна. Тэд яг л энэ зарчмаараа хор найруулсаар бидний хүсэж зорин байж байгуулсан ардчилсан нийгмийг үгүй хийж байна шүү дээ. Ардчилал, үг хэлэх эрх, сонгох, сонгогдох эрхээ хамгаалан тэмцэж буй хүн бүрийг би дэмжинэ. Учир нь, энэ бол нэг хүний бус нийтийн эрх ашигийн төлөөх тэмцэл.  

-Ярилцсанд баярлалаа.

Эх Сурвалж: ATG.MN

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()