Б.Бейсен: Сонгуульд ялагдсан хүмүүс өс хонзонгоо авах гэж гүтгэлэг тарааж байна

  • 2021 оны 5 сарын 3

УИХ-ын гишүүн Б.Бейсентэй ярилцлаа.

-Эрүүл саруул иргэдэд групп тогтоож өгдөг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт таныг холбоотой байж болзошгүй гэж АТГ-аас шалгаж эхэлсэн гэдэг үнэн үү?

-Би тэр асуудалд ямар ч холбоогүй, намайг гүтгэсэн. Намайг нэр дэвших үед “2018 онд хүнээс 100 мянган төгрөг авсан” гэж худлаа гүтгэсэн байна лээ. Би 2016 оноос хойш Баян-Өлгийд эмчээр ажиллахаа больсон. Тэгээд ч тэр хэлээд байгаа цаг хугацаанд нь би Туркт явж байсан. Намайг гүтгэж сонгуульд нэр дэвших эрхийг минь хасуулах гэж байсан юм билээ. Харин одоо ялагдсан хүмүүс өс хонзонгоо авах гэж энэ асуудлыг эргэн үнэн мэт ярьж, цахимаар явуулаад эхэлж. Тэр мэдээллийг түгээж байгаа хүмүүс нь дандаа ялагдсан хүмүүсийн хамаатан садангууд байгаа юм. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан.

-Цар тахлын нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбарын хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийсэн. ОХУ-аас нэг сая тун вакцин ирж байгаа гэсэн. Хятадын вакцин удахгүй ирэх юм гэсэн. Уг нь хөдөө орон нутагт өвчлөл бага байгаа дээр вакцинжуулалтаа яаравчлан хийх хэрэгтэй юм. Энэ талаар олон удаа хэлж байгаа. Вакцинжуулалтын хугацаа оройтож байна.

Гишүүдийн зүгээс орон нутаг дахь халдварын голомтуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн цалин хөлс олгож буй эсэх, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хэрхэн хангаж буй талаар тодруулсан л даа. Салбарын сайдын зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшууллыг олгож байгаа гэж хэлж байна лээ. Миний харж байгаагаар орон нутагт хамгаалалтын хувцас хэрэгсэл тун хангалтгүй байгаа. Дээрээс нь цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, хяналтын байгууллагынхан ямар ч урамшуулал авч чадахгүй байна.

-Спутник вакциныг авах төлбөрөө төлсөн юм уу?

-Спутник вакцины 300 мянган тунг нь хандиваар өгч байгаа гэж ойлгосон. Гэсэн ч ирэхгүй л байгаа юм байна. Захиалаад авах л ёстой. Ерөнхийдөө Спутник вакцины мөнгө нь төлөгдөөгүй юм билээ. 5.1 их наяд төгрөгийг зарцуулсан хэрнээ вакцинаа худалдаж аваагүй нь харамсалтай. Анх халдвар гарахад нэг хүнд найман сая төгрөгийн эмчилгээ шаардлагатай гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр дөрвөн сая төгрөгөөр эмчилгээ хийж байгаа гэж ярих юм. Энэ ч утгаараа эмчилгээний асуудал дээр но байна. Үүний цаана мөнгө шамшигдуулж байгаа асуудал ч байж мэднэ.

-Баян-Өлгий аймагт хамгаалалтын хувцас, эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллыг авч чадахгүй байгаа гэж үү?

-Тийм. Тэд илүү цагийн, дайчилгааны хөлс хөдөөд авч чадахгүй байгаа. Ялангуяа хөдөөд нэг удаагийн хамгаалалтын хувцасны хангалт муу байна. Би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрынхантай уулзахад нөхцөл байдлынхаа талаар хэлж байна. Тэд 49-хөн ширхэг хамгаалалтын хувцастай, тэрийгээ эмийн сангаасаа зээлээр авсан байна. Дээрээс нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсээс 500 ширэг хамгаалалтын хувцас шахсан байх юм. Түүний 200, 300 нь шаардлага хангахгүй байна. Малгайнаас нь эхлээд таарахгүй, хүрэхгүй байна гэсэн. Уг нь хамгаалалтын хувцас, хэрэгслийг Эрүүл мэндийн газраараа дамжуулж авах ёстой. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газраасаа шахчихсан байгаа юм.

-Баян-Өлгийд цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ?

-4-5 хүн өвчилчихсөн байна. Гэтэл эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас зэрэг нь хангалтгүй байна. Хөдөө орон нутагт ихэнх халдвар дандаа зөөвөрлөгдөж ирж байгаа. Тиймээс хотод хяналт сул, халдвар хамгааллын дэглэм алдагдчихсан байна. Хөдөө орон нутагт л гэхэд МАН 100 жилийн ой гэж бэлэг, сэлт тарааснаас болж, замбараагаа алдсан зүйл зөндөө л байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас хүрэлцэхгүй байхад машин машинаар нь бэлэг тараагаад л байна.

-Хөдөө орон нутагт намын шугамаар вакцин хийж байгаа асуудал гарч байна уу. Та анзаарав уу?

-Зорилтот бүлэгт вакцин хийж байхад аймгийн удирдлагуудаас “Энэ хүнд л вакцин хий” гэж бичиг хийж өгөөд явуулсан асуудал гарсан байна лээ. Мэр сэр иймэрхүү асуудал гарч байгааг үгүйсгэхгүй.

-Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахааргүй болчихож байгаа юм биш үү. Бүлгийн гишүүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би Баян-Өлгий аймагт ирж ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Болж буй үйл явдалтай сайн танилцаж чадаагүй л байна.

-У.Хүрэлсүхтэй эн тэнцүү өрсөлдөх хүн АН-д алга гээд байгаа.

-Ардчилсан намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хүн байлгүй л яахав. Х.Баттулга байна. Даанч улстөржөөд нэр дэвшүүлсэнгүй л дээ. Т.Доржханд гэдэг хүн уг нь санал оруулах эрхгүй юм билээ шүү дээ. Гэсэн ч гомдол гаргасан. Цэц түүнийг нь хүлээж авч бага суудлын хуралдаан хэлэлцсэн. Бага суудлыг хуралдаанаар хэлэлцсэн зүйлийг дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёсгүй юм байна. Яалт ч үгүй Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг нам гарчихаад байна.

ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()