Д.БЯМБАА: МАН АРД ТҮМНЭЭ ГЭХЭЭС ИЛҮҮ НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООН, ХЭТ ИХ УЛСТӨРЖИХ БОЛЛОО

  • 2021 оны 4 сарын 26

МоАХ, АН-ын ахмад гишүүн Д.Бямбаатай Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Монгол Улсад Ардчилсан хувьсгал 1990 онд өрнөсөн ч өнөөг хүртэл бүрэн дүүрэн ялалтад хүрээгүй гэж зарим хүн ярьдаг юм билээ. Та Ардчилсан хувьсгалд оролцож явсан хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ? 

-Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж үзээд 1990 оны Ардчилсан хувьсгалыг монголчууд бид яах гэж хийсэн юм бэ гэдэг талаар хэдэн үг хэлье гэж бодож байна. Учир нь би 1990 оны нэгдүгээр сараас Ардчилсан хувьсгалд нэгдэн оролц­сон хүн. Тухайн үед дөр­вөн аймгаар явж МоАХ-ны сал­бар зөвлөл байгуулж, энэ улс оронд гарцаагүй өөрчлөлт шинэч­лэлт хийх цаг нь болсон хэ­мээн ярьж явсан юм.  Тухайн үед би Орсод сургууль төгссөн, Удир­дах ажилтны институтэд баг­шилж байлаа. Тэгээд хойд хөр­шид өрнөж буй өөрчлөн бай­гуу­лалт, Европод болж буй үйл явд­лыг нэлээд анхааран ажиг­лаж байсан. Монголд энэ өөрчлөлт гарцаагүй болно гэ­сэн итгэл үнэмшилтэй болж хү­лээн зөвшөөрсөн. Иймд 1990 онд бид Монгол Улс хөгжин дэв­жих амжилтын суурь тавилаа гэж бодсон. Гэтэл тухайн үед дөнгөж өндийгөөд дарагдчихсан гэдэгтэй түүхчид санал нэгддэг. Монгол Улс олон намын системтэй болоод шинэ Үндсэн хуулиар анхны сон­­гуулиа явуулсан хэдий ч ард­чи­лаг­­чид цөөнх болсон. Эн­дээс л мор­до­хын хазгай гээч зүйл эхэл­сэн дээ. Өөрөөр хэлбэл өөрч­­лөлт шинэчлэлтийг 1990 онд ду­туу хийсэн гэж хэл байгаа юм.

-Та өөрчлөлт шинэчлэлтийг дутуу хийсэн гэлээ. Ямар алдаа дутагдал гараад ийм байдалд хүрсэн гэж дүгнэж байна вэ?

-Монгол хүний зан чанар нөлөөлсөн тал бий. Бид өөрсдөө Монгол хүн цөстэй, дайнч, шударга гэж ойлгодог, ярьдаг. Гэтэл үнэн чанартаа тухайн үед тодорхой хүмүүс их аймхай байсан. Би тэднийг нэрлэж чадна л даа. Жишээ нь Ардчиллын жагсаалын хамгийн оргил үе нь 1990 оны гуравдугаар сарын 4-ны сүрт жагсаал байлаа. Ялалтын талбайгаас цэргийн хамгаалалт гарсан Сүхбаатарын талбайд жагсаалын урсгал орж ирсэн. Тухайн үед жагсаалын удирдагчид ард иргэдийг тайван байхыг уриалж явсан. Тэгээд огтоны хамраас цус гаргаагүй, нэг ч айлын цонх хагараагүй хувьсгал хийсэн гэж ярьдаг. Гэхдээ би заавал үймээн самуун, бужигнаан гарах байсан гэж хэлж байгаа юм биш шүү. Ардчилсан хувьсгалын удирдагчид аливаад буулт хийдэг байсныг л хэлж буй хэрэг юм. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын тараах үндэслэлийг дурдаж захирамж гаргаад байна. Үүнтэй холбоотой Улсын баатар Э.Бат-Үүл мэдэгдэл хийсэн. Би түүнийг нь уншаад үнэхээр харамсал төрсөн. Хүмүүс цахим ертөнцөд энэ намыг 1990 онд тарааж зөв эхлэх байсан асуудлыг   хийж чадаагүй. Ийм учраас Монгол Улсад өнөөгийн энэ улс төр, засаглалын хямрал, гамшиг нүүрлэсэн гэж байгаа. Энэ бол үнэн. Тухайн үед бид МАХН-ын Улс төрийн товчоо огцорлоо гэж бахархсан. Гэтэл тийм биш байсан. Зөвхөн хэлбэрээ өөрчлөөд төрийн эрх барьсан шүү дээ. Тэгээд өмч хувьчлал явуулж тухайн үед сум, нэгдэл, Сангийн аж ахуйн дарга гээд эрх мэдэлтэй байсан хүмүүс хамгийн их завшсан гашуун түүх бий. Ингэж хөрөнгийн эзэд болсон учраас дараа дараагийн сонгуульд ялах, үнэмлэхгүй ноёрхол нь огт буураагүй. Ингээд дутуу алсан могой шиг үлгэн салган явж ирсэн. Энэ хооронд ард түмэн залхаж төрийн сонгуульд хоёр удаа савласан. П.Жарсайн Засгийн газар 1996 онд хонгилын үзүүрийн гэрэл ярьж байхад ард түмэн ардчилалд санал өгсөн.  Ингээд гол ачаа нь МоАХ-г үүсгэн байгуулагчдын нуруун дээр ирсэн. Харин тухайн үед  зүүний  нялхсын өвчин гэж албан тушаалын амбиц ярьдаг даа. Ийм зүйл болсон. Өөрөөр хэлбэл  Зоригтнууд хувьсгал хийж зальтнууд үр дүнг нь хүртдэг гэсэн үг бий. 1990 оны эхэнд яаж магадгүй,  баривчлагдаад явах магадлал бий гэж тооцож, хярж суусан хүмүүс  тэр үед ил гарсан юм. МоАХ-ны анхдугаар хурал болоод МАХН-ыг толгойлж байсан нас өндөр болсон хүмүүс нөхцөл байдалтай эвлэрч, өөрчлөлтийг эерэгээр харж тайвширсан цаг л даа.  Тэгээд МҮДН,  МСДН, Сэргэн мандлын нам гээд олон нам үүссэн. Эдгээр намуудыг дагаад нөхцөл байдлыг харж байсан хүмүүс гарч ирсэн гэж хэлээд байгаа. Тэгээд засаглалыг гартаа авах гэж тэмцэж эхэлсэн. Энэ нь Ардчилсан холбоо эвслийн сонгуулийн ялалтыг сүйдэлсэн түүх бий. Тэр үед дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзсэн дотоод тэмцэл болгон хувиргаж орхисон. Үүний шалтгаан нь оюун санааны хувьд нэгдмэл болж чадаагүй намууд манай лидер урагшаа явах ёстой, тэргүүн байрт тавигдах учиртай гээд үзэлцсэн хэрэг л дээ. Товчхон хэлбэл лидерийн төлөөх тэмцэл өрнөсөн гэсэн үг. Тухайлбал, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдыг олон удаа буцаасан. Социал демократ нам маш олон сайдын суудал авна гэж зүтгэсэн. Энэ бүхнээс улбаалж бүлэг, фракц бий болсон. Гаднаас нь хархад нам нэгдмэл юм шиг байвч дотроо хуваагдалтай явж ирсэн гэсэн үг. Ийм учраас нөгөө хуучны бөх бат сууриндаа үлдсэн МАХН-д зөөлөн зууш болж, тоглолт хийх боломж олгож өнөөг хүрсэн гэж би дүгнэдэг.

-Өнөөдөр АН дандаа гэдсэндээ хөлөө жийлцдэг, МАН эв нэгдэлтэй гэсэн зүйл яригдаад байдаг шүү дээ?

-АН бүлэг, фракцаасаа шалтгаалж эв нэгдэлгүй харагддаг. Харин  МАН эв нэгдэлтэй гээд байдаг нь өөр шалтгаантай. Цаана нь уламжлалт намын суурь нь байгаа учраас тэгж харагдаад байгаа юм. МАН ч бас МАХН гэж хуваагдсан. Энэ дотоод зөрчилтэй байсны илрэл шүү дээ. МАХН-ын дарга Ерөнхийлөгчийг дэмжиж янз бүрийн мэдээлэл гаргаж ирж байна. Намынхаа дотоодод байгаа эмзэг асуудлаа сайн мэдэж хүний хувьд маш тодорхой зүйлүүдийг үнэн хэлсэн байна лээ.  Тухайлбал, цэрэгжсэн бүтэцтэй,  хэт туйлширсан гэсэн. Тэгээд У.Хүрэлсүх даргын үед МАН биш болсон. Төр барьж буй намын хувьд ард түмний төлөө ажиллахаас илүүтэй нэг хүний дарангуйлал тогтоох, намын удирдлагуудад эрх мэдлээ төвлөрүүлэх, хэт их улстөржсөн байр суурьтай боллоо гэж байгаа юм.  Ийм учраас ялангуяа дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын шуурхай, оновчтой, ард иргэдэд хүртээлтэй арга хэмжээ авч чадахгүй болсныг хэлсэн. Нэг ёсондоо МАН төрийн эрх барих үүрэг, зорилгоо умартаад байна.

-АН  өнөөдөр бас л хоёр талцаад тамга, намын даргын суудлын төлөө хэмлэлдээд байна. Үүнийг нөгөө л бүлэг, фракцын “дайн” гэж хэлж болох уу?

-Энд бас нэг түүх яръя. Таван нам 2000 онд нэгдсэн. Тэр үед бас л нөгөө бүлэг, фракц нь дахиад ажилласан. Тухайн үед Д.Дорлигжав гэдэг даргыг огцруулах гэ есөн удаа асуудал гаргасан. Тэгээд  М.Энхсайхан том байх уу, Д.Дорлигжав том байх уу гээд үзсэн хэрэг. Тэр хоёрын дундуур Р.Гончигдорж гарч ирээд АН-ын дарга болсон удаатай. Харин өнөөдөр АН болоод байгаа хямрал арай өөр. Гэхдээ бас л  Ц.Туваан том уу, С.Эрдэнэ үү гэсэн асуудал гарлаа. Гэхдээ АН-ын жирийн гишүүдийг аль нэг талд нь оруулан ойлгох, ярих нь буруу. Ийм ойлголт байхгүй. АН-д өнөөдөр үүсээд байгаа хямрал зүгээр зохиомол зүйл. Үүний цаана юу болоод гэдгийг нуулгүй хэлье. АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ НДС-гийн хөрөнгө мөнгөтэй нэлээд гүн хутгалдаж  өмч хөрөнгийн зөрчил гаргасан хүн. Өнөөдөр цагдаа, тагнуул, шүүх гээд хуулийн бүх байгууллагыг  МАН атгаж байгаа учраас бүх но-г нь уудлаад  гаргаад ирэх нөхцөл байгаа юм. Э.Бат-Үүл ч бас хүүтэйгээ нийлж гэр хорооллын дахин төлөвлөлтөөр гадаад дотоодын хүмүүстэй сүлбэлдсэн асуудал бий. Нэг ёсондоо тэр дарга нар эдийн засгийн үйл ажиллагаанд өөрсдөө хутгалдаж ороод бүдэрчихсэн асуудлууд байгаа юм. Бас Эрдэнэтийн 49 хувийн асаадулад МҮДН фракцын Да.Ганболд холбогдсон. Эдгээрт нь намынхнаа хамгаалж буй нэртэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн орж ирсэн явдал байдаг. Тэгэхээр тухайн үед өндөр алба хашиж байсан лидер гэгдэж явсан хүмүүстэй  холбоотой асуудлууд байгаа юм. Хувь хүмүүстэй холбоотой асуудал болохоор биш намын хямрал хагарал биш. Гол шалтгааныг нь нууж хаах юм алга. Өнөөдөр эрх барьж байгаа МАН-д давуу байдал олгож өөрсдөө ялаас мултрах л зорилго агуулсан  үйлдэл гаргаад байна. Ийм тоглолт шүү дээ. Ийм учраас Ерөнхийлөгч Х.Баттулга нийгэмд болж буй бүхий үйл явдал анализ хийгээд асуудлыг хөндөөд байгаа юм. Мөн өнөөдөр ариухан Сү.Батболдтой хөрөнгө мөнгөний асуудал ч бас өрнөөд,  олон улсын хэмжээнд яригдаж байна. Ийм асуудлыг эь ухаад гаргаад ирэхээр МАН-ынхан араас нь чирэгдээд явчихгүйн тулд янз бүрийн зүйл гаргаж дайрч давшлах болсон. Өнөөдөр АН-ын дуу хоолой төдийлөн гарч хүчтэй байж чадахгүй байгаа. Учир нь хоёр талд тамгатай болсон учраас дуугарч чадахгүй болчихлоо. Тэгэхээр улс төр, ашиг сонирхлын үүднээс АН хоёр хуваагдаж барьцаанд орчихсон гэж харагдаад байна. Ингээд эрх МАН дураараа дургиж хууль зөрчсөн шийдвэр удаа дараа гаргаад эхэлсэн. Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдааныг хууль зөрчиж хүчингүй болгосон. Тэгээд бас л хууль зөрчөөд Дунд суудлын хуралдаан хийж шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрээ УИХ дахь олонхын суудлаар  түрэмгийлж баталгаажуулаад явсан. Энэ мэтээр МАН хүчирхийлсэн үйлдлүүд гаргадаг болсон нь ард түмний нүдэнд ил байгаа юм. Ингэж МАН төрийн, хуулийн хүчирхийлэл үйлдээд байгаа учраас Ерөнхийлөгч энэ намыг тараах тухай захирамж гаргасан. Ерөөсөө МАН-ын хийж буй үйлдлүүд тарах болзлоо хангачхаад байгаа юм. Монгол Улс эрх биш эрх зүйт төртэй юм байгаа биз дээ.

-Тэгэхээр 1990 оноос хойш Монголд улс төрийн олон намын тогтолцоо төлөвшин тогтоогүй өнөөг хүртэл учраа олохгүй яваа юм байна. Ийм учраас өнөөдрийн энэ засаглал, хууль, намуудын хямрал эхлэлтэй. Хуучин МАХН буюу өнөөгийн МАН-ыг тэр үед тараах байсан гэж хэлэх гээд байна аа даа?

-Өмнө нь 70 жил ноёрхож ирсэн хуучин МАХН 1990 онд бид татан буугдъя гээд тийм амархан бууж өгөхөөргүй байсан. Тухайн үед мөргөлдөөн, үймээн самуун дэгдээлгүй тэмцлийн хурцатгасан хэлбэрт шилжиж хоёр талаас хэлэлцээрт орж шийдье гэсэн байр суурь дээр бид нэгдэн ярилцаж байлаа. Тэр үед Нэргүй доктор, Бошигт, Буянгийн буюу Б.Жаргалсайхан, Ч.Энхээ гээд удирдах зөвлөлийн гишүүд МАХН-ын татан буулгах ёстой гэсэн байр суурьт хатуу зогссон. Гэтэл нөгөө талд нь “Үгүй. МАХН-д буулт хийе. Тэдний саналыг сонсъё” гэдэг байр суурьтай хүмүүс байсан. Үүнийг Э.Бат-Үүл толгойлж тархи угаах ажил хийж байсан түүхтэй. Ер нь Э.Бат-Үүлд хэд хэдэн эмзэг сэдэв яригддаг л даа. Тухайлбал, 1990 оны гуравдугаар сарын 4-ны жагсаалын дараа 6-ны орой улс төрийн өлсгөлөн зарлахаас өөр гарцгүй боллоо гэж ярилцсан. Гэтэл мань хүн зугтаад алга болсон. Нөхдүүд нь хайгаад явж байсан удаатай. Үүнийг зөөлөн хүч ч гэх юмуу эсвэл сэхээтэнлэг үзэл ч гэхүү бүү мэд. Ямартай ч өөрийн итгэл үнэмшлээрээ бусдаас иймэрхүү байдлаар ялгарч байсан. Энэ үзлээрээ Э.Бат-Үүл хуучин МАХН-ыг хамгаалаад үлдсэн. Би дээр ярьсан 1990 онд хийсэн ардчилсан хувьсгал үр дүнд хүрээгүй гэж. Үүний нэг шалтгаан нь С.Баяр, Э.Бат-Үүл зэрэг тодорхой хүмүүсийн тэр дундаа 40 мянгатынхны үерхэл юм. Сүүлд нв бүх зүйл ил болсон. Тэд “Бид бол элит гаралтай. Ерөөсөө Элитын нам гэж байгуулая. Бид засаглалыг үе залгамжлан эзэмшиж байя. Ард түмэн гэдэг бол юу бичиж болдог цагаан цаас шүү дээ” гэсэн асуудал ярьдаг байсан байгаа юм. Энэ нь өнөөдөр яриад байгаа МАНАН гэсэн нэгдэл үүсгэсэн гэж хэлж болно. Энэ МАНАН нэгдэл нь 2004,  2005 оны үеэс биежсэн. Тэгээд 2008, 2009 оны үед Оюутолгойн гэрээ хэлцэл эхлэх үед хэлбэржин биежиж засаглалын хуваарийг яаж авах вэ гэдэг тохироонд хүрсэн. Нэг талд нь С.Баяр, Сү.Батболд, Т.Бадамжунай гэсэн нөхдүүд байдаг. Нөгөө талд манай хэд ороод схемийг нь сонсоод хүлээн зөвшөөрдөг болчихсон гэж харж байгаа.

-Таны ярьж буйгаар сонгууль биш хэдэн хүний тохироо луйвар явж ирсэн гэсэн үг юм уу?

-Ер нь сонгуулийг технологийн аргаар луйвардсан гэж баталж чадахгүй. Миний бодлоор монгол хүн  худан хувьсан өөрчлөгдөх өгөгдөл алга. Тайван амгалан хүмүүс. Энэ нь аймаг сум, баг гээд жалга довны үзэл эсвэл нүүдэлчин овог аймгийн  соёл иргэншил улбаатай байж болох талтай. Бид бие биенээ таньж мэддэг учраас ая тал засах маягийн зүйл ажиглагддаг. Тэгээд манлайлал нь дуугүй бол чимээгүй байх талдаа орчихдог. Ийм байдлаар бид өнгөрсөн 31 жил явж ирлээ. Үүнийг өнөөдөр МАН-ын залуу үеийнхэн “Монголчууд угаасаа л сэтгэл зүйн хувьд хонь шиг тайван амьтад юм байна. Чангалаад л жижиг хорио хийгээд хашаад байвал хөдлөхгүй” гэсэн тактиктай болчихсон. Тэгээд нийгмийн сэтгэл зүйд таарсан хууралт хийдэг, бага сага мөнгө төгрөг тараачхаад байгаа юм. Монголыг гаднаас харахад сүүлийн технологи ашигласан мундаг, цахим хэрэглээтэй улс харагддаг. Яг бодит байдал дээр улсын,  оюун санааны, боловсролын, эрхээ хамгаалах чиглэлийн хөгжил гэж  алга. Ихэнхдээ нэг талыг  хэт барьж ханарсан байдалтай байна. Энэ нь 1990 онд дутуу хийсэн хувьсгалтай холбоотой. Хувьсгалын тохироо одоо ч гэсэн бүрдсэн хэвээр байгаа. Тэгэхээр монгол хүн хэдий болтол зовж, ядуурч байж тэмцэгч байхыг хэлж мэдэхгүй нь.

-Эрх барьж буй МАН-ын өнөөдөр татан буулгачихвал Монгол Улс төргүй болно. Төрийн эргэлт хийх оролдлого гэсэн зүйлийг эрх баригчид хэлж байна л даа?

-Ер нь Улсын Дээд шүүхийн шийдвэр гараад МАН-ыг татан буулгалаа гэж бодъё. Үүний дараа юу болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энд 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа өрнөсөн түүх сөхье л дөө. УИХ-ын 62-ын бүдүүн бүлэг гэж байлаа шүү дээ. Гэтэл АН-тай эвсэл болж сонгууль орсон Эрлийн Эрдэнэбатын нам асуудал үүсгэсэн. Өөрөөр хэлбэл эвслээс гарсан. Ийм учраас УИХ-д бүлэг үүсгэдэг сонгуулийн субъект биш болсон. Ингээд АН-ын нөхдүүд МАХН-ын нөхдүүд дээр хадаг барьж очоод 67-гын билүү дээ бүдүүн бүлэг байгуулсан түүх бий. Хэрэв Монгол Улс  шударга төр, хуулийн засаглалтай бол цэрэгжсэн намыг татан буулгах ёстой. Тэгэхэд УИХ, төр самрагдах асуудал байхгүй. УИХ Бүдүүн бүлэгтэй болно гэсэн үг. Бүдүүн бүлэг нь аль нэг намын төлөөлөлтэй нийлээд явна гэсэн үг. Жишээ нь ХҮН-ын Т.Доржхантай нийлж болно. Тэгвэл 62 нэмэх нь 1 гэсэн бүдүүн бүлэг л бий болох юм. Ингээд МАН-ыг орлох нам нь Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх л процесс өрнөнө гэсэн үг. Өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийг маш хурдан батлаад бүх намыг татан буулгаж дахин шинэчлэх нь шударга болно.

-Тэгэхээр өнөөдөр мөрдөж байгаа Улс төрийн намын тухай хууль шаардлага хангахгүй байна гэсэн үг үү?

-Манай улс төрийн намууд социалист угшилтай системээ алдахгүй ягштал мөрөөд байгаа юм. Манай улсын хөгжлийн хамгийн сул тал нь улс төрийн намын хатуу гишүүнчлэл. Бүр сум орон нутаг, багт хүртэл очиж бүтцийн байгууллага бий болгоод байна. Энэ нь засаглалын дээр нам гарч суух үндэс суурь болж байгаа юм. Уг нь улс төрийн нам гэдэг үзэл бодол, итгэл үнэмшил, хөтөлбөрийн хувьд нэгдсэн хүмүүсийн тэмцэл. Тэгээд хэнийх нь манлайлсан хөтөлбөр улс орноо хөгжүүлэх эрхийг ард түмнээс дэмжлэг авав гэдгээр ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл бодлогын өрсөлдөөн явдаг улс төрийн талбар болж хувирах ёстой юм. Гэтэл манайд нам гэдгийг хэн нь хэнээсээ олон гишүүнтэй байх уу, хэн нь илүү бүтэцтэй байх уу гэсэн асуудал гараад байна. Тэгээд нөгөө бүтцээ санхүүжүүлэх, гишүүдээ тойглох асуудал үүсдэг. Ийм учраас манай улс өнөөдөр  засаглалын хямралд орчихлоо. МАН сонгуульд ялаад байгаа шалтгаан нь тодорхой. Нөгөө багын дарга нь энэ намын гишүүн. Түүний ойрын ажилчид бүгд намын гишүүн байгаа юм. Хот суурин газарт хороо хорин, хэсгийн ахлагч нар бүгд намын гишүүн. Тэгээд хэсгийн дараг гээд төрөөс цалинжуулж байдаг тогтолцоотой. Нийслэлд л гэхэд аль хороонд очоод судлаад үзэхэд бүгд л МАН-ын гишүүн байдаг. Хөдөө орон нутагт  ах дүү олонтой нам нэгтэй бол тэгээд багтаа ах дүүсээ цуглуулаад сууж байдаг болсон. Засаглалын энэ систем нь анхан шатандаа намын эрэг, шураг болчихлоор хоорондоо талцах, хямрал үүсэх нөхцөл бүрдээд байна. одоо бүр хүмүүсээ данслаад улаан, цэнхэр гээд өнгө будгаар ялгачихсан суудаг. Тэгээд олонх болсон нь цөөнхөө хүчирхийлдэг суурь нь тэнд байна. Ийм учраас дотоод зөрчил тэсрэхэд бэлэн байгаа. Энэ бол Улс төрийн намын хуулийн гамшиг юм.

-МАН-ын гарт  өнөөдөр УИХ, Засгийн газар, Шүүх засаглал байна. Одоо ганцхан Ерөнхийлөгчийн институц л тэдэнд алга. Ийм нөхцөлд энэ намыг тараах шийдвэр гарахгүй болов уу гэсэн яриа гараад байна. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Бидний 31 жилийн хугацаанд ардчиллын үнэт зүйл болгон хөгжүүлэх гэж ирсэн зүйл бол энэ засаглалын хуваарилалт. Шүүх засаглал хуулийн хүрээнд, шударга ажилладаг бол илүү ардчилсан, улс орны зөв хөгжих гольдрол гарна. Гэтэл манайд хуулийн мэдлэг нь дутаад эсвэл хуулийн орчин нь боловсронгуй биш гэдгээс илүүтэй асуудал бий. Тэр нь сүүлийн жилүүдэд улс төрийн нөлөө, хамааралтай шүүхтэй болчихлоо гэсэн шүүмжлэл гарах болсонтой холбоотой. Үүнд тодорхой хэмжээгээр үнэний хувь бий гэж харж байгаа. Өнөөдөр Ерөнхийлөгчийн захирамж, гаргаж тавьсан асуудлыг  МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч нар дэмжиж мэдэгдэл хийлээ. Тэд Монгол засаглалын хямрал үүссэн, эрх баригч МАН цэрэгжсэн байгууллага боллоо гэдгийг хэлж байгаа юм. Мөн ШИНЭ нам, бусад хөдөлгөөнүүд дэмжиж эхэлсэн. Тэдний дуугарч буй өнгийг харахад гарцаагүй л хэлэх, гаргаж тавих асуудлууд байна. Тэгэхээр асуудлыг Ерөнхийлөгч  тавьсан эсвэл иргэн Бямбаа гаргаж ирсэн гэдэгт биш юм. Уг асуудлыг Улсын Дээд шүүх гарцаагүй авч хэлэлцэх ёстой хуульчилсан заалт. Харин үүнийг будлиулахын тулд зарим хууль тайлбар гаргаад байна л даа. Ерөнхийлөгч захирамж гээд өгчихсөн учраас институцийн асуудал болсон. Хэрэв хувь хүн байсан болох байсан гэж байгаа юм. Хуульд ялгаж салгаад тусгасан байгаа. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ батламжилдаг. Тэгэхээр энэ бол зарлиг биш. Захирамж юм. Захирамжлах гэдэг нь дотоод системд байгаа  мэдээллийг нэгтгэж  эрх зүйн талаас нь шийдэх нөхцөл бүрдүүлж өгч байна гэсэн үг.  Үндэсний эв нэгдэлд харшилсан, цэрэгжсэн бүтцэд орсон улс төрийн намыг татан буулгах хуулийн заалт бий. Үүнийг хэрэгжүүлэх бүтэц нь Улсын Дээд шүүх. Иймд Улсын Дээд шүүх үүргээрээ шууд авч хэлэлцэх ёстой. Улсын Дээд шүүх хууль зөрчих нь үгүй юу гэдгийг харъя.

#МонголынМэдээСонин 2021 оны дөрөвдүгээр сарын 26. Даваа. №052 (5457)

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()