Ч.Хүрэлбаатар: Гурван салбарын ажилчдын НДШ-ийг чөлөөлөхгүй

  • 2020 оны 4 сарын 2

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас коранавирусийн нөхцөлд эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр мэдээллийн эхэнд “Монгол улсад авч хэрэгжүүлэх арга хэмжээг бид тооцоолж гаргахдаа дэлхийн бусад орнууд түүний дотор Монгол Улстай гол түнш орнуудын эдийн засгийн хэрхэн өрнөх вэ гэдгийг харж байж төлөвлөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөө нь нэгдүгээр сараас хойш үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ажлын үргэлжлэл юм. ОУВС Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0 хувьтай байна гэж тооцоолсон. Манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хоёр хувь байхаар тооцсон. Коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл түүний дотор Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг бид нэг жилээр тооцсон. Энэ хугацаа цааш, нааш болохыг үгүйсгэхгүй. Коронавирусийн халдвар өнөөдөр 205 оронд гарсан. Бүх улсын эдийн засагт нөлөөлж улмаар ард иргэдийнх нь амьдралд нөлөөлж эхэлсэн.

2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш үндсэндээ гурван багц арга хэмжээний хүрээнд эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Монгол хүн амь нас, эрүүл мэндийг хамгаалах,
  • Иргэдийн ААН-үүдийг дэмжих,
  • Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн гурван чиглэлд арга хэмжээ авч байна.

17 тэрбум төгрөгийн санхүүжилт коронавирусийн халдвараас сэргийлэхэд эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хангамж хамгаалах хэрэгсэлд 9 тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгал бусад зардалд 6.5 тэрбум төгрөг, нэмэлт цалин хөлс, томилолт 1.5 тэрбум төгрөг нийт 17 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Мөн гадаадын зээл тусламж буюу Азийн хөгжлийн банк 4.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар 570 орчим тоног төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд хүргүүлсэн. Мөн Дэлхийн банкнаас 6 тэрбум төгрөгийн 68 ширхэг тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдэж тээвэрлэлтийн асуудал нь одоо хийгдэж байна. БНСУ-аас 4.5 тэрбум төгрөгийн нийтдээ 16 тоног төхөөрөмжийг өгч байгаа. Олон улсын бусад санхүүгийн байгууллагаас 6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн туслалцаа авсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ эрүүл мэндийн салбарт 200 орчим тэрбум төгрөг зарцуулж байна.

Засгийн газрын хуралдаанаар гарсан Эдийн засгийг идэвхжүүлэх багц хэмжээг УИХ-д оруулах гэж байна. Үүний санхүүжилтүүдийг нь УИХ-аар батална.

Коронавирусийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Иргэд, ААН-үүдээ дэмжих хүрээнд хичээл, сургууль орохгүй байгаатай холбоотойгоор тодорхой зардлуудыг хэмнэгдсэн. Энэ хэмнэгдсэн мөнгөнөөс 18 нас хүртэлх бүх хүүхдэд 10 мянган төгрөгийг хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгоно. Гурван сарын хугацаанд сар бүр 30 мянган төгрөг хүүхэд бүрт олгогдоно.

Өнөөдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс ХАОАТ авахгүй.

Гэхдээ энэ арга хэмжээ нь гурван төрлийн салбарын хүмүүст хамаарагдаагүй. Үүнд:

  • Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
  • Хоёрт Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.
  • Гуравдугаарт тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй. Нийтдээ 526 мянган ААН-ийн ажилчид НДШ-ээс чөлөөлөгдөнө.

Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдад ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно.

Үйл ажиллагааг нь төрийн байгууллагын шийдвэрээр зогсоосон боловч ажлын байраа хадгалсан ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгоно.

2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно. Нийтдээ 860 мянган иргэнд буюу нэг иргэнд дунджаар 47 мянган төгрөгийг буцааж олгоно.

2 сая 511 мянга 332 иргэн ”Эрдэнэс таван толгой” компанийн ногдол ашиг, 486 ААН мөн ногдол ашгаа тавдугаар сард багтаан авна. Олсон ашгаа компанийн хуулийн дагуу иргэддээ олгоно. Энэ бол улсын төсвөөс гарч буй мөнгө биш. Цахилгааны төлбөр төлж амжаагүй бол цахилгаан таслахгүй, Цахилгааны төлбөрийн алдагдал тооцохгүй.

Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй НДШ-д тооцох алданги, торгуулийг чөлөөлнө. Үүнд бүх ААН хамрагдана.

Жилийн 1.5 тэрбум төгрөгийн хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүдийг зургаан сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлнө. Гэхдээ улсын төсвөөс мөнгө авч ажил хийж байгаа орлого татвараас чөлөөлөгдөхгүй. Нийт 105 мянган аж ахуй нэгж энэ хөнгөлөлтөд хамаарна гэж үзэж байгаа. Бүх төрлийн татвараа төлж чадаагүй хүмүүст торгууль, алданги тооцохгүй.

Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод нь ногдуулах татварыг чөлөөлнө. Зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалттай байр талбай хамаарагдана.

ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХЭД ЧИГЛҮҮЛСЭН ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА

Нүүрсний экспортыг сэргээж, боомтуудын үйл ажиллагаа хэвийн ажиллаж байна. Тоон хэмжээний хувьд багассан. Жолооч нарын хүнсний хангамж, эрүүл ахуйг хангаж, нийтдээ дөрвөн боомтоор нүүрс гаргаж байна. Зэсийн баяжмал хэвийн гарч байгаа.

Азийн хөгжлийн банк төсөвт дэмжлэг болгож 200 сая хүртэлх ам.долларын зээл олгохоо зөвшөөрсөн. ОУ-ын байгууллагуудын санхүүжилтийн асуудлыг түргэвчилсэн байдлаар шийдэж байгаа.

720 сая ам.долларын хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, ХАА дэд бүтэц зэрэг салбарт 14 төсөл хэрэгжүүлнэ. УИХ-д өргөн барина.

Төсвийн зардлаа танаж, хумьж байгаа нэг ширхэг ч улс байхгүй. Хэрэв хасвал эдийн засгийг нэлээд урт хугацаанд үргэлжлүүлэх хямрал руу түлхэнэ. Тиймээс төсвөө тэлсэн бодлогоо үргэлжлүүлсэн хэвээр байна.

2020 оны төсөвт 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Өнөөдөр худалдан авалтын тайланг авахад нийт 15,000 ААН орж ирж байна. Өнгөрсөн онд 17 мянган гүйцэтгэгч орж ирж байсан.

Харин төсөв, зардал, хөрөнгө оруулалтуудаа хас гэж байгаа нь 15,000 ААН, 150 мянган хүний ажлын байрыг хас гэж байгаатай адил сонсгогдож байна. Дөнгөж гурван сар өнгөрч байхад төсвөө тодотго гэдэг нь хариуцлагагүй байдал. Хөрөнгө оруулалтын ажлууд явдгаараа явна.Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-үүдэд 300 сая хүртэлх зээлд батлан даалт гаргана. Зээлийн батлан даалтын сан бий. 500 ААН-д нийтдээ 108 тэрбум төгрөгийн зээл гаргах боломжтой гэж үзсэн. Он дуустал энэ үйл ажиллагаа явагдана.

Ноолуурын салбарыг дэмжихэд зориулж буй 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гаргаж, хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргана.

Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр үлдэгдэл хэлбэрээр байгаа тоног төхөөрөмжүүдийн үнийг 50% хөнгөлөөд 1,500 ААН-д 34 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийн дүнтэйгээр олгохоор шийдвэрлэсэн. Сангийн яам Төсвийн тухай хуулийнхаа дагуу тодорхой зохицуулалтуудыг хийсэн.

Хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн тэвчиж болох бүх зардлуудыг зогсоосон. Тухайлбал, гадаад, дотоод томилолт, их засвар, хурал зөвлөгөөн, тавилга авах гэх мэт тэвчиж болох бүх урсгал зардлаа танасан. Энэ мөнгийг коронавирусийн цар тахалтай холбоотой ААН, иргэдэд очих дарамтыг хөнгөлөхөд чиглэгдсэн ажлуудыг санхүүжүүлэхэд чиглүүлэн Засгийн газар ажиллаж байгаа.

Халдварт өвчний тархалтын үеийн эдийн засгийн эрсдэлийг бууруулах Засгийн газрын хөтөлбөрийн өртөг 5.1 их наяд төгрөг. Үүнд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зардал болох 3.1 их наяд төгрөгийг оруулаагүй. Хэрэв 3.1 их наяд төгрөгийг оруулбал нийт 8.2 их наяд төгрөгийг эдийн засгаа дэмжихэд зарцуулна гэсэн үг.

5.1 их наяд төгрөгийн 3 их наяд орчмыг гаднын санхүүжилтээр шийднэ. Үлдсэн мөнгийг төсвийн хүрээнд холбогдох зохицуулалтууддаа хийх замаар гаргана. Энэ бүх төлөвлөгөөгөө бид Монгол Улсынхаа нөөц боломжид тааруулан хэрэгжүүлнэ. Сангийн яамнаас ажлын хэсэг хоёрдугаар сард байгуулагдаж өдөрт хоёр удаа эдийн засгийн талаарх холбогдох мэдээллүүдийг авч байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()