Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн салбарт хямрал нүүрлэж, зэсийн үнэ 26 хувиар буурлаа

  • 2020 оны 4 сарын 2

Лондоны металлын бирж(ЛМБ)-ийн Гүйцэтгэх захирал Мэттью Чемберлен өнгөрөгч сарын 17-нд тус биржийн нэг ажилтнаас “COVID-19”-ийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор биржийн уламжлалт арилжааг бүрэн зогсоож, онлайн арилжаанд шилжүүлэх шийдвэр танилцуулсан. Ийнхүү 143 жилийн түүхтэй дэлхийн хамгийн том металл болон түүхий эдийн биржийн үйл ажиллагаа Дэлхийн II дайнаас хойш анх удаа зогссон юм.

ЛМБ-ийн энэхүү зогсолт нь сүүлийн хоёр долоо хоногийн турш дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш 2016 оноос хойш анх удаа хоёр оронтой тоон үзүүлэлтээр буурах шалтгаан болсон талаар салбарын мэргэжилтнүүд дурджээ. БНХАУ-ын Ухань хотод өнгөрөгч оны сүүлээр “COVID-19” цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш нэгдүгээр сарын 16-нд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш тонн тутамдаа 6300.5 ам.доллар байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-ний хаалтын арилжаагаар дэлхий зах зээл дээрх зэсийн ханш тонн тутамдаа 4791.2 ам.доллар болж буурсан нь цар тахлын үеийн дээрх оргил үзүүлэлттэй харьцуулахад хоёр сар хагасын хугацаанд даруй 23.1 хувь, өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 26.3 хувиар буурчээ. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нд тонн тутамдаа 6385.25 ам.доллар байсан юм.

Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн хэлбэлзлийг цар тахлын үеийн голлох үйл явдлуудтай уялдуулан авч үзэхэд:

-Нэгдүгээр сарын 23-нд БНХАУ-ын эрх баригчдын зүгээс Ухань болон бусад хотуудад хөл хорио тогтоох шийдвэр танилцуулахад дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш тонн тутамд 6049 ам.доллар.

-Нэгдүгээр сарын 31-нд ДЭМБ-ын зүгээс дэлхийн нийтээр онц байдал зарлаж буйг мэдэгдэх үед зэсийн ханш 5569.6 ам.доллар.

-Хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Засгийн газрын зүгээс коронавирусийн улмаас 2020 онд тус улсын эдийн засгийн өсөлт бүтэн нуг функт буурах эрсдэл үүссэн талаар мэдэгдсэний дараагаар 5713.3 ам.доллар.

-Хоёрдугаар сарын 13-нд Рио Тинто компанийн зүгээс дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч орон болох БНХАУ-ын зүгээс коронавирусийн дэгдэлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнээс шалтгаалан Оюутолгойн зэсийн хүдрийн тээвэрлэлт удааширч байгаа талаарх мэдэгдэл хийх үед 5715.7 ам.доллар.

-Гуравдугаар сарын 5-нд ИХ-7 улсын бүлгийн зүгээс “COVID-19”-өөс улбаатай эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлд хамтран ажиллах мэдэгдэл гаргаж, ОУВС-ын захирал хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад зориулж 50 тэрбум ам.долларын яаралтай зээлийн санхүүжилт олгох мэдэгдэл гаргахад 5667.2 ам.доллар.

-Гуравдугаар сарын 12-нд ДЭМБ-ын зүгээс “COVID-19”-ийг цар тахал гэж зарласны дараагаар 5386.2 ам.доллар.

-Гуравдугаар сарын 17-нд ЛМБ-ын үйл ажиллагаа зогсох үед 5203.8 ам.доллар.

-Гуравдугаар сарын 23-нд Туркойз Хилл Ресурс компанийн зүгээс Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулахад 4.5 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай талаар мэдэгдэх үед 4617.5 ам.доллар болж буурсан байжээ.

Харин дөрөвдүгээр сарын 2-ны арилжааны нээлтийн байдлаар дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш тонн тутамдаа 4771 ам.доллар болоод байна.

Зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар түүхий эдийн салбарын ханшид эерэгээр нөлөөлөх гол хүчин зүйлсийг дараах байдлаар нэрлэжээ.

Нэг;, АНУ-ын эрх баригчид “COVID-19” цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралыг даван туулах чиглэлд 2-4 их наяд ам.долларын багц хөтөлбөр гаргахаар хэлэлцэж буй хуулийн төслийг баталсан тохиолдолд зэсийн ханш дэлхийн зах зээл дээр өсөх магадлалтай аж. Хамгийн ихээр яригдаж буй хоёр их наяд ам.долларын багц хөтөлбөр бүхий хувилбарт 100 тэрбум ам.долларын эх үүсвэрийг бизнес, үйлдвэрүүдийг дэмжих чиглэлд зарцуулахаар байгаа юм. Ингэснээр түүхий эдийн эрэлт нэмэгдэж, ханш өсөх суурь болох боломжтой.

Хоёрт, Дэлхийн зэсийн хэрэглээний 50 хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-д үйлдвэрлэл эрчимтэй сэргэж эхэлж байгаа нь богино хугацааны хэтийн төлөвт түүхий эдийн ханш өсөхөд нөлөөлөх эерэг дүр зураг болж байна. Зэсийн хувьд барилга, технологи, цахилгаан хөдөлгүүр, цахилгаан бараа, эрчим хүч дамжуулах зэрэг бараг бүх зүйлд ашиглагддаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлт, томоохон автомашин үйлдвэрлэгчдийн цахилгаан автомашины өрсөлдөөн зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчид зэсийн салбарт ихээр хөрөнгө оруулж, ханш урт хугацаанд өндөр байх хандлагыг бараг бүх судалгаанд харуулдаг.

Гэсэн ч цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд эрэлт, нийлүүлэлтийн сүлжээнүүд зогсонги байдалд орсонтой холбоотойгоор уул уурхайн компаниудад томоохон хохирол учирч эхлээд байна.

Тухайлбал, Дэлхийн тэргүүлэгч зэс олборлогч болох Чилийн төрийн өмчит “Codelco” компанийн зүгээс дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн энэхүү огцом уналтаас шалтгаалж зарим томоохон төслүүд эрсдэлд орж болзошгүй болоод байгаа талаар мэдэгдсэн.

Харин дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч болох үндэстэн дамнасан “BHP”-ын хувьд Чили дэх Эскондида зэсийн уурхайн зарим туслан гүйцэтгэгч гэрээт компаниудтай гэрээгээ цуцлахаас өөр аргагүй болжээ.

АНУ-ын “Freefort-McMoran” компанийн хувьд ирэх тавдугаар сард хөрөнгө оруулагчиддаа ногдол ашиг тараахаар төлөвлөсөн байсныг цуцалсан маш эрсдэлтэй алхам хийгээд байна. Хэдий компанийн удирдлагын зүгээс хөрөнгө оруулагч нартаа хандан хүнд хэцүү цагт боломжит бүх шаардлагагүй зардлыг танаж, мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч ногдол ашиг тараах хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Перу улсын Засгийн газрын зүгээс “COVID-19” цар тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор тус компанийн эзэмшлийн Серро Верде зэсийн уурхайн үйл ажиллагааг өнгөрөгч гуравдугаар сарын 19-өөс эхлэн 15 хоногийн хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасан.

Канадын томоохон уул уурхайн компани болох “Teck Resources”-ын зүгээс Чили дэх Квебрада Бланка зэсийн уурхайн 4.7 тэрбум ам.долларын өртөг бүхий “Quebrada blanca 2-р үе шат” төслийн бүтээн байгуулалтыг түр зогсоохоо мэдэгдсэн. Зах зээлийг урт хугацаанд хямд үнэтэй зэсээр хангах төлөвлөгөөтэй энэхүү төсөл тодорхойгүй хугацаанд зогсох мэдээний араас Торонтогийн хөрөнгийн бирж дээрх “Teck Resources”-ын нэгж хувьцааны ханш даруй 20 хувь буурсан байна. Тус компани нь Квебрада Бланка зэсийн уурхайг дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болгох зорилго тавин ажиллаж байгаа юм.

Харин Рио Тинтогийн хувьд “COVID-19” цар тахлын улмаас тус компанийн тэргүүлэх төслүүдийн нэг болох Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн тээвэрлэлт буурах эрсдэл үүссэн талаар мэдэгдсэн. Рио Тинтогийн зүгээс дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох зорилготой Оюутолгой төслийн далд уурхай ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд өдөрт 95000 тонн хүдэр олборлох боломжтой гэж төсөөлдөг. Тус компанийн хувьд өнгөрсөн сард газар хөдлөлтийн улмаас үндсэн олборлолт нь зогсоод байсан АНУ-ын Юта мужийн Солт-Лейк хот дахь Кеннекотт зэсийн уурхайг өргөжүүлж, 2032 он хүртэл ашиглах зорилгоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг танилцуулсан.

Эх сурвалж: http://itoim.mn Очирхуяг МӨНХБАТ

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()