Канадын иргэн хилээр 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт гаргахыг завджээ

  • 2020 оны 4 сарын 1

Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “Монгол Улсын гадаад худалдааны 2020 оны нэгдүгээр улирлын мэдээгээр нийт 1 тэрбум 239.6 сая ам.долларын экспорт хийсэн. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 34.4 хувиар буураад байна. Учир нь дэлхий дахинаа COVID-19 халдварын тархалтын улмаас хорио цээр тогтоож, автомашинаар эрдэс бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой юм. Энэ долоо хоногоос нүүрс болон зэсийн баяжмалыг автомашинаар экспортлох үйл ажиллагаа эхлүүлээд байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор өдөрт 30 орчим машин, Шивээхүрэн боомтоор 3-40 машин нүүрс экспортолж байна. Энэ оны эхний гурван сард нүүрс 3140 тонныг импортолж, өмнөх оныхоос 59.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Цаашид хилээр нүүрсний экспорт нэмэгдэх хандлагатай байгаа. Зэсийн баяжмалын хувьд 306 мянган тонныг экспортолсон бөгөөд өмнөх оныхоос 15 хувиар бууралттай гарсан.

Харин импортын хувьд нэгдүгээр улирлын байдлаар 1 тэрбум 211.1 сая ам.долларын импорт хийсэн. Энэ тоо нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 11.2 хувиар буурсан. Гол импортын бууруултыг эзэлж байгаа бүтээгдэхүүнд машины тоног төхөөрөмж, эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа бол зарим нэг хүнсний бүтээгдэхүүний импорт бага зэргээр буурчээ. Харин гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импорт харьцангуй тогтвортой байна. Мөн суудлын авто машины импорт 26 хувиар, дизель бинзений импорт бага зэргийн хувиар бууралттай гарсан” талаар танилцууллаа.

УРГАМЛЫН ТОС, ЭЛСЭН ЧИХРИЙН ИМПОРТ ӨСЧ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ БУУРЧЭЭ

Жишээлбэл, өтгөрүүлсөн сүү болон сүү сүүн бүтээгдэхүүний хувьд 941.3 тонныг эхний улиралд импортолсон. Ингэснээр өмнө оны мөн үеэс 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй. Өндөг 31.5 сая ширхэгийг импортолсон энэ нь өнгөрсөн оны мөн үетэй адилхан байна. Улаан буудай 14 сая 710 мянган тонныг импортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн дүнтэй байна.

Цагаан будааны хувьд 5764 тонныг импортолсноор өнгөрсөн оныхоос 97.5 тонноор буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол маш бага бууралт. Мөн хүнсний ногоо өнгөрсөн оныхоос 400 тонноор өссөн дүнтэй байгаа бол жимс жимсгэнэ 4825 тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 2000 тонноор буурчээ. Ургамлын тос 5790 тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс 600 тонноор өссөн бол элсэн чихэр 19118 тонныг импортолсон бөгөөд өнгөрсөн жилээс 5000 гаруй тонноор нэлээд өсөлттэй үзүүлэлттэй гарчээ. Энэ нь Засгийн газрын шийдвэрээр бүх төрлийн будаа, ургамлын тос, элсэн чихрийг импортын гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар тэглэсэнтэй холбоотой ажээ.

“НИЙТ 211 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР 12.2 САЯ ТОНН АЧААГ ТЭЭВЭРЛЭЖ, ХЯНАЛТАД АВСАН”

Гаалийн боомтууд дээр хяналт шалгалтын ямар арга хэмжээ авч байгаа талаар тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр “Буянт-Ухаа боомтоор өнгөрсөн саруудад тусгай үүргийн онгоцоор гадаадад байгаа иргэдээ авч ирсэн. Уг зорчигчдыг тусгаарлах арга хэмжээг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Нөгөөтэйгүүр тусгаарлагдаж буй иргэдийн ачаа тээшийг 14 хоногийн хугацаанд ариутган тусгаарлаж байгаад өнгөрсөн долоо хоногоос эхлэн ар гэрийнхэнд нь олгох ажлыг зохион байгууллаа. Одоо Туркийн онгоцоор ирсэн хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дуусаагүй байгаа учраас ачааг олгох болоогүй байна. Сэлэнгэ аймаг дахь гаалийн боомтын Алтанбулаг боомтоор орж ирж буй нийт автомашинуудыг тухайн өдөрт нь бөөгнүүлж байгаад цагдаагийн хамгаалалт дор Улаанбаатар хот дахь гаалийн газрын хоёр хяналтын бүсэд ариутгаж, дараагаар нь гаалийн бүрдүүлэлт хийж, эзэнд нь олгох асуудлыг зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 18-ны өдрөөс хойш нийт 211 тээврийн хэрэгслээр 12.2 сая тонн ачааг тээвэрлэж, гаалийн бүрдүүлэлтийг хяналтдаа авч явуулсан.

Замын-Үүдийн боомтоор гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 574 тээврийн хэрэгслээр 42900.7 мянган тонн нүүрс, 9928.6 мянган тонн төмрийн хүдэр экспортолсон. Мөн Гашуунсухайтын боомтоор гуравдугаар сарын 21-нээс эхлэн 274 тээврийн хэрэгслээр 31 мянга 874 мянган тонн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12 мянга 640 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон. Шивээхүрэнгийн боомтоор гуравдугаар сарын 28-наас эхлэн 134 тээврийн хэрэгслээр 12921 мянган тонн нүүрс экспортолсон.

КАНАДЫН ИРГЭН ХИЛЭЭР 37.8 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ АЛТЫГ ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ

Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Сүхбаатар ярихдаа “Энэ оны эхний гурван сард нийтдээ 210 удаагийн зөрчлийг илрүүлсэн. Дээрх зөрчлүүдэд 271.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн. Зонхилон гарч буй зөрчил гэвэл, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа эд зүйл болох түүх соёлын дурсгал, алт, мөнгө, валютын зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна.

Жишээлбэл, гуравдугаар сарын 3-ны өдөр Канад улсын иргэн хилээр буюу “Буянт-Ухаа” боомтоор гарах үедээ 31.3 грамм 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт байж болзошгүй шар өнгийн металийг нэвтрүүлэхийг завдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()