Азийн орнуудад өвчний тархалтын хоёр дахь үе ирж байна

  • 2020 оны 3 сарын 19

БНСУ, БНХАУ, Сингапур, Монгол зэрэг Азийн орнуудад өвчний тархалтын эхний үе дуусах шатандаа орсон ч, хоёр дахь үе гадаад улсуудаас зөөвөрлөгдөн орж ирж байна.

Анх вирус тархсан БНХАУ-д өнөөдөр/2020.03.19/ анх удаа нэг ч шинэ халдвар бүртгэгдээгүй боловч сүүлийн үед гадаад улсаас ирсэн 34 хүн халдвартай нь шинээр тогтоогджээ. БНСУ-д өнөөдөр 152 шинэ тохиолдол бүртгэгдсэний чухам хэд нь гадаад орноос ирсэн хүмүүс гэдгийг тогтоогоогүй байна. Хамгийн сүүлд Дэгү хотын асрамжийн газарт 74 хүний шинжилгээний хариу эерэг гарснаар шинэ голомт үүсчээ.

Харин Сингапурт өчигдөр/2020.03.18/ 47 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 33 нь гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн гэнэ. Тэдний 30 нь хилийн чанадад байхдаа халдвар авсан гэдгээ баталж байгаа аж.

Саяхныг хүртэл нэг ч хүн халдвар аваагүй байсан Монгол улсад өдгөө халдвартай зургаан хүн байгаа нь бүгд гадаад орноос халдвар тээн иржээ.

Эдгээр бүх Азийн орнууд дотооддоо өвчний тархалтыг хянах, тогтоон барих тал дээр амжилттай ажиллаж байсан ч бусад гадаад орнуудад халдварын тоо нэмэгдэх нь ийнхүү эргээд муугаар нөлөөлөх хүчин зүйл болж болзошгүй байна. Одоогийн байдлаар анхаарлын төвд Европ, АНУ орж байгаа бөгөөд тэнд шинэ халдварын тоо Ази дахиас хэд дахин давж байгаа билээ.

Малайзын эрүүл мэндийн ахлах ажилтнууд ард иргэддээ “Та бүхнээс гэртээ байж, гэр бүлээ хамгаалахыг хичээнгүйлэн гуйж байна” хэмээн мэдэгдсэн байна. Малайз улсад нийт 790 хүн халдвар авснаас олонх нь нийслэл Куала Лампурт хоёрдугаар сард болсон нэгэн шашны зан үйлд оролцсоноос халдвар авсан гэжээ. Эрүүл мэндийн асуудал хариуцсан Хишам Абдулла нүүрномдоо “Бидэнд вирусын тархалтыг бүрэн зогсоох боломж бага байна. Гэвч ялагдах бол бидний сонголт биш. Үгүй бол бид өвчний гурав дахь үетэй нүүр тулна. Гурав дахь үе нь цунамигаас ч хөнөөлтэй байх болно” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: BBC.COM

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()