Ч.Улаан : Нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй

  • 2020 оны 3 сарын 19

Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолыг баталсан байна. Нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс  бууруулахгүй байх арга хэмжээг авч ажиллана гэдгийг салбарын сайд хэллээ.  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой байна. Бий болж болзошгүй эрсдэлтай байгаа тул бэлтгэл, боловсруулалт дээр онцгой анхаарал тавьж, цогц арга хэмжээ авах тогтоолыг баталлаа. Малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Гуравдугаар сарын сүүлээр эхний аймгууд ноолуураа самнаж эхэлнэ. Нийт бэлдсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгосон бол 65 хувийг анхан шатны тордолт хийж экспортод гаргаж байжээ. Тэгвэл энэ жил цогц арга хэмжээ авсны үндсэн дээр энэ байдлыг өөрчлөхөөр болсон. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцох болсон. Энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн Хөгжлийн банкны зээлийн хүүг 5 хувь байхаар тооцох бөгөөд үлдсэн 5 хувийн хүү буюу 30 тэрбум төгрөгийг төрөөс гаргахаар болсон" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()