Загварын ертөнцийн жижигхэн биетэй MOGUL

  • 2018 оны 2 сарын 23

Цахим ертөнцөд загварын нөлөө үзүүлэгчид загварын чиг хандлагад хязгааргүй боломжуудыг бий болгож байдаг. Загварын эдгээр билэг тэмдгүүдийн нэг болох Мираслова Дума нь загвар сонирхдог залуусыг стиль имижээ олоход туслаад зогсохгүй дэлхийн загварын ертөнцөд байр сууриа нэгэнт эзэлжээ.

Мэргэжлийн хүмүүсийн хувьд гоо үзэсгэлэнтэй, сайн чанарын зургийн сантай, мөн мэдрэмжтэй байх нь хангалтгүй юм. Тэд цаг үргэлж өсч дэмжин, шинийг хамгийн түрүүнд олж харан, хамгийн гол нь сэтгэл татам байх ёстой. Энэхүү Оросын бизнес эрхлэгч, гудамжны загварын mogul бүсгүйн хамгийн гайхалтай чанар нь чухамдаа сэтгэл татам байдал юм.

Тэр зөвхөн өөрийн жижигхэн биендээ хэрхэн тохируулж хувцаслахаа мэдээд зогсохгүй найз нөхөд, танилын холбооны чухлыг ойлгосон хүн ажээ. Одоо түүнийг Vogue сэтгүүлээс “загварын хамгийн харилцаа холбоо сайтай дижитал бизнэс эрхлэгч” хэмээн тодорхойлдог. Дөнгөж 26 насандаа уншигчдын  тоогоороо Орост номер нэг Бюро 24/7-г хамтран байгуулж, амьдралын хэв маяг, гоо сайхан, урлаг, загвар, соёл болон технологитой холбоотой олон сэдвээр сэтгүүлээ гаргадаг. Энэхүү ажил нь ихэвчлэн хуучны Оросын хэсэг байсан улсууд гээд 11 улсад салбараа байгуулан өргөжжээ. Нэгнээ дэмжин ажилласнаар эдгээр улсууд эдийн засгийн хамгийн бүтээлч салбарт олон улсад танигдаж чадна хэмээн тэр итгэдэг байна.

Гэхдээ олонх залуусын адил түүнд асар түргэн өөрчлөгдөж байгаа нийгмийн бэрхшээл, эргэлзээ тохиолддог. Оросын шилдэг их сургууль болох Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургуулийг (MGIMO) олон улсын харилцааны чиглэлээр төгсөөд тэрээр амьдралдаа юу хийхээ сайн мэдэхгүй байлаа. Ингээд Independent Media нэртэй хэвлэлийн газарт нийтлэл бичиж, Forbes Women, Harper’s Bazaar зэрэг олон улсад нэр хүндтэй сэтгүүлүүдийг гаргахад тусалжээ.

2 жил ажиллаад гарч, аутсорсинг хийж эхлэн, загварын ертөнцийн алдар хүндтэй хүмүүстэй холбоо тогтоосон нь хожим Оросын хамгийн алдартай дижитал брэндийг үүсгэхэд нь түлхэц болсон байна.  Тэрээр бага наснаасаа дижитал эрин үе гарч ирэхийг мэдэрсэн гэж хэлдэг. Нэгэн ярилцлагадаа “Шинэ залуу үеинйхний нэгэн адил би аливаа зүйлийг хурдан олж авахыг хүсч байлаа. Би өөрийн итгэж, хүндэлдэг хүний зөвлөж, зохицуулснаар олон нийтийн хэрэгсэлд суурилсан, хэн ч нэвтэрч болохоор зүйл хийхийг хүссэн юм” гэжээ.

Гэхдээ түүний амжилт ганц харилцааны чадвараас нь илүү гүн гүнзгий, илүү утга учиртай, илүү холыг харсан чадвараас нь үүдэлтэй. Хэрэгцээтэй байсан дуу хоолой, газруудыг дэмжих хүсэл нь түүний карьерыг бий болжээ. Тэрээр Планет Мира нэртэй өөрийн сайн үйлсийн сангаа ажиллуулахын зэрэгцээ дэлхийд бүрэн нээгдэж чадаагүй бусад улс орнуудад өөрийн санааг хэрэгжүүлэхийг зорьдог.

Ийнхүү шинэ зүйлсийг хуваалцах, тууштай байх философи нь бусад хүмүүсийн олж хараагүй боломжоор дүүрэн ертөнцийг нээж өгчээ. Дижитал тавцангаараа дамжуулан тэрээр том худалдааны компаниудтай тогтвортой харилцаа тогтоож, Оросын 500 илүү үйлдвэрт дижитал туршлагаараа зөвлөгөө өгсөн байна. Оросын Үйлдвэр, Худалдааны Яаманд худалдан авагч, худалдааны газрууд, бүтээлч үйл ажиллагаа явуулдаг хүн бүхнийг холбох маш боловсронгуй цахим хуудас бий болгоход нь тусалжээ. Тэрээр алхам алхмаар Оросоос халин гарч, дэлхийд нэрээ гаргаж байна. Одоо тэр Ralph Lauren, Louis Vuitton, Chanel, Cartier, Prada зэрэг дэлхийн шилдэг компаниудтай хамтран ажилладаг.


Мираслова загварын өвөрмөц мэдрэмжээ гараар зүүлт чимэглэл, хувцсаа хийдэг байсан ээжээсээ өвлөн авсан бол шинийг бүтээх мастер ухаанаа ааваасаа өвлөн авсан нь маргаангүй үнэн юм.  Хувийн Instagram нь  бүр 1.6 сая дагагчтай тэрээр Оросын хамгийн нөлөө бүхий хүний нэгээр удаа дараа шалгарчээ. “Ихэнх залуучууд Оросуудын өмсдөг хэтрүүлсэн зохицолдоогүй хэв загвараас хол байхыг хичээдэг болсон байна” гэж нэгэнтээ ярилцлагадаа дурджээ.

Түүний шинэхэн байгуулсан Fashion Tech Lab нь дээрх санаагаар шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн хөгжлээс шинэлэг технологийг авч загвартай хослуулахад голлон чиглэж ажилладаг.  Энэ санаа нь ч энтертэйнмэнт салбарын Kanye West, Karlie Kloss, Victoria Beckham зэрэг акулуудтай түүнийг холбодог. Мирасловагийн хувийн Instagram-аас бүр Will.I.am түүнд хувийн лаборатори, студио танилцуулж байгааг харж болно.

Гэхдээ тэр зөвхөн ухаантай бүсгүй төдий биш, түүний гайхалтай гоёмсог гудамжны стиль нь түүнийг дээд зэрэглэлийн загвар өмсөгч болгон хувиргаж, түүний оролцоо нь чинээлэг хэрэглэгчдийг том алдартай брэндүүд рүү татаж эхэлжээ. Энэ нөлөөллийн тухай theoutnet.com цахим хуудасны худалдан авалтыг хариуцдаг Shira Suvyeke нэгэнтээ хэлэхдээ “Юуны өмнө дүгнэхэд тэр загвар өмсөгчөөс хэд дахин илүү. Бид түүнтэй ажиллахын өмнө түүнийг дэлхийг хамарсан дижитал орчны бизнэс эрхлэгч гэсэн нүүр царай болгохыг бодож байсан. Outnet дэлхийн бизнес болохоор бид дэлхийг танигдсан хүнээр брэндийг төлөөлүүлье гэж хүссэн ” хэмээжээ. Украйны ядуу айлаас гаралтай цагаач охин барууны ертөнцийн шилдэг улс төрчдийн ч хүрч чадаагүй нэр алдар, эд баялагт хүрнэ гэж хэн мэдэх билээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()