Тань руу залгах луйварчдаас сэргийлэх аргууд

  • 2018 оны 2 сарын 7

Хэрвээ таны утсанд үл таних дугаараас дуудлага ирвэл, хариулах гэж яарах хэрэггүй. Учир нь өнгөрсөн онд зөвхөн Америкчууд гэхэд 350 сая ам. долларыг ийм луйврын дуудлагаас болж алджээ. Одоо байдал улам хүндэрч эхэлсэн. Дэлхийн аль ч орноос луйварчид дуртай хүн рүүгээ хялбархан залгаж, холбогдох болсон юм.

YouMail компаниас зарласнаар ганцхан сарын хугацаанд Америкчууд 2,5 тэрбум хуурамч, луйврын дуудлага хүлээн авчээ. Түүнчлэн луйварчид хандив цуглуулах нэрээр орж ирээд хүний хувийн мэдээллийг авах, эсвэл ямар нэгэн хэнд ч хэрэгцээгүй бараагаа шахах гэж оролдоно.

Тийм ч учраас АНУ-ын Харилцаа холбооны хорооноос “Та намайг сонсож байна уу?”, “Та байрныхаа мөнгийг төлдөг үү?” гэх мэт “Тийм” гэсэн хариу хэлэх асуултаас үргэлж сэргийлж байхыг хүртэл анхааруулжээ.

Учир нь хэрэглэгч ийм дуудлагад хариулж, “Тийм” хэмээн хариулсан тохиолдолд луйварчид тухайн хүний дуу хоолойг өөр бусад хууль бус зүйлд ашиглах боломжтой болдог аж. Тэгэхээр хэрэглэгч хэрвээ үл таних дугаараас дуудлага ирвэл аль болох авахгүй байх, авсан тохиолдолд өөрийн овог нэр, регистрийн дугаар болон бусад төрлийн хувийн мэдээллийг өгөхгүй байх ёстой.

Үл таних дугаараас дуудлага ирсэн үед буцааж залгах ч хэрэггүй. Хэрвээ тантай үнэхээр холбогдох чухал хүн байсан бол зурвас бичих, дахин залгах зэргээр өөрсдөө эхэлж үйлдэл хийнэ.

Болзошгүй эрсдэлээс сэргийлэх зарим нэг аргыг сануулъя:

Утсаа битгий ав: Хэрвээ таны танихгүй дугаараа дуудлага ирвэл битгий хариул. Харин дуут шуудан үлдээх эсэхийг нь хүлээгээрэй. Ихэнх луйварчид дуут шуудан үлдээдэггүй.

“Тийм” гэж битгий хариул: Мөн л үл таних дугаараас ирсэн дуудлагыг авсан бол “Тийм” гэж битгий хариулаарай. Харин оронд нь “Та хаанаас залгаж байна, яагаад энэ мэдээллийг авах гэж байгаа юм бэ?” гэх зэргээр асуух хэрэгтэй.

Төрийн байгууллагаас танд дуудлага ирэхгүй: Хэрвээ утасны цаана байгаа этгээд өөрийгөө банкнаас, төрийн байгууллагаас ярьж байна гэвэл шууд итгэж болохгүй. Луйварчид хүмүүсийн баттай итгэдэг байгууллагын нэрийг ашиглах явдал түгээмэл байдаг бөгөөд төрийн албаныхан, банкныхан ихэнхдээ тантай цахим шуудангаар холбогдох магадлал өндөртэй.

Тиймээс ямар нэгэн сэжигтэй этгээд залгаж, өөрийгөө хэн нэгэн албан тушаалтан хэмээн танилцуулаад зээлийн картын дугаар, овог нэр гэх мэт таны хувийн мэдээллийг асуувал юун түрүүнд та өөрөө банк руугаа, тухайн төрийн байгууллага руу залгаж лавлаарай.

Сэжигтэй гүйлгээ хийгдсэн эсэхийг шалгаарай: Магадгүй та хэн нэгэн сэжигтэй этгээдэд буруу мэдээлэл өгчихсөн байж болох юм. Тиймээс төлбөрийн компани, банк руугаа холбогдож ямар нэгэн сэжигтэй, та өөрөө зөвшөөрөөгүй гүйлгээ хийгдсэн эсэхийг нягтлаарай.

Эх сурвалж: FCC

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()