Samsung 11 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ

  • 2018 оны 1 сарын 31

БНСУ-ын технологийн хамгийн том компани болох "Samsung Electronics"-ийн орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Үүнд санах ойн чипийн эрэлт, "iPhone X"-д зориулсан өндөр чанарын дэлгэцийн борлуулалт өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ. Мөн олон улсын зах зээлд вонын ханш ам.доллар зэрэг голлох валютуудын эсрэг чангарсан нь санхүүгийн үзүүлэлтүүдийг нь дэмжсэн байна.

Тоон үзүүлэлтийг харвал тус компанийн үйл ажиллагааны ашиг 15.5 их наяд вонд хүрсэн бол борлуулалт нь IV улиралд 66 их наяд вонд хүрч өссөн байна. Харин 12 дугаар сараар эцэслэсэн санхүүгийн жилийн IV улиралд "Samsung Electronics" компани 12 их наяд вонын буюу 11.2 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Өнгөрсөн онд тус компанийн хувьцааны ханш 41 хувиар өссөн байна.

Гар утасны салбар нэгжийнх нь ашиг өнгөрсөн улиралд 2.42 их наяд воноор хэмжигдсэнийг "Samsung Electronics" онцолжээ. "Samsung Electronics" ирэх сард “Apple”-ийн “iPhone 10”-тай өрсөлдөх "Galaxy S9" загварын ухаалаг гар утсаа танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Харин энэ улиралд гар утас үйлдвэрлэлийн салбарын орлого нэмэгдэж, санах ойн чип зэрэг бүтээгдэхүүний эрэлт өндөр байна гэж компани таамаглажээ.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл ()